Хариуцлага хүлээгээгүй үлдсэн Ж.Сүхбаатар ДАХИН буруугүй болж МУЛТАРНА

0

“Ногоон автобусны” хэргийн шүүх хурал өчигдөр товлогдсон ч зургадугаар сарын 17 хүртэл хойшилжээ. Харин сонсгол нь  хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

 Нийслэлчүүдийг өвөлжингөө нийтийн тээвэргүй чангалсан энэ хэргээс болж Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар огцорсон ч хоёулаа “Би ямар ч буруугүй” гэж мэдэгдсээр байгаа нь олон нийтэд эргэлзээ төрүүлж буй. Тэгвэл энэ хэргийн талаар тодорхой ойлголтыг энэ удаагийн сонсголоор өгөх болов уу гэсэн хүлээлт нийгэмд байгаа ч өнөөдрийн хувьд шүүмжлэл дагуулсан. Учир нь хэт нэг талын барьсан, олон нийтэд мэдээлэл анхнаасаа буруу өгсөн, улс төрийн зорилго хэт ихэдсэн зэрэг асуудлууд хөвөрсөөр. 

Шүүх дээр байгаа хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн нарын нийт 24 хүн холбогдоод байгаа. Хэрэг шүүхэд шилжинэ гэдэг ер нь бол илэрсэн гэсэн үг. 

Эдгээр 24-өөс Төсвийн ерөнхийлөн захирагч гэдгээрээ Ж.Сүхбаатар ямар ч байсан хариуцлага хүлээх нь тодорхой.

Төсвийн тухай хуулийн 6.6.3.төсвийн захирагч нь өөрийн эрх, үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх;” гэсэн заалт бий. Энэ юу вэ гэхээр, ямар ч тэнэг төсвийн ерөнхийлөн захирагч /Сангийн болон бусад яам, сайд нар, УИХ-ын гишүүд гм/ тухайн мөнгөний зарцуулалтыг, өөрөөр хэлбэл тендерүүдийг хяналтаасаа огцхон ч гаргадаггүй ээ л гэсэн үг. Хуулийн дагуу тэртэй тэргүй тухайн мөнгөний хариуцлага өөр дээр нь ирэх болохоор тэр шүү дээ.

Нэгд, яамгүй сайд учраас, хоёрт үр дагаврыг нь хүртэгч нь нийслэл учраас тендер зохион байгуулснаас бусдаар Нийслэлийн оролцоо байгаагүй гэдэг. Түүнчлэн, автобус худалдаж авах төсөв эрх шилжиж орж ирэхээсээ өмнө нийлүүлэгтэй гэрээ байгуулсан байсан гэсэн ноцтой баримтыг Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар олон нийтэд дэлгэсэн байдаг.

Тодруулбал, “Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд нийтийн тээврийн автобус нийлүүлэх” эхний гэрээг 2022 оны арваннэгдүгээр сарын 17-нд “Тэнүүн огоо” ХХК-тай, арванхоёрдугаар сарын 14-нд нь “Скай велл” ХХК-тай байгуулсныхаа дараа арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Нийслэлд эрх шилжүүлсэн.

Харин сүүлд явагдсан тендерийн шалгуурыг дээрх гэрээ байгуулсан хоёр компани л ялахаар зохицуулсан байсан гэж тэрбээр ам алдсан. 

Энэ үнэн бол хэдий эрх шилжүүлсэн ч автобусны тендер төсөв ерөнхийлөн захирагчийн хяналтад явж л байсан гэсэн үг.

Энэ хэрэгт буруутай гэгдэн ажлаа өгсөн хоёр хүний нэг нь болох Д.Сумъяабазар ямар ч байсан мэдэх бүхнээ ил хэлж, хэрэгт буруугүй гэдгээ олон нийтийн өмнө илэрхийлсэн. Хуулийн байгууллагаас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн 24 хүний нэр дотор түүний нэр байхгүй. Одоо харин Ж.Сүхбаатарын дуугарах ээлж. Сонгол ийм боломж олгож байна. 

Ер нь бол, Нийслэлд эрх шилжиж орж ирэхээс өмнө байгуулагдсан гэрээн дээр төрийг төлөөлж хэн гарын үсэг зурав, тэр хүн юу ярих вэ гэдэг энэ сонсголын гол цөм, асуудлыг тайлах учиг нь байх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *