Л.Оюун-Эрдэнийн “муриа мэхэнд” далаараа тавиулсан аварга

0

Улс төрийн намууд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа. МАН-аас хэд хэдэн “луухар” улс төрчид энэ удаа жагсаалт ч үгүй, тойрог ч үгүй хоцорлоо. Сү.Батболд, Д.Сумъяабазар, Х.Болорчулуун, Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Г.Амартүвшингээс авахуулаад олон нэрс хөвөрч байна.

Тэднээс хамгийн их гомдож буй, хамгийн том “муриулсан” хүн бол Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан, экс хотын дарга Д.Сумъяабазар. Тэр намууд нэр дэвшигчдээ тодруулах өдрөөс гуравхан хоногийн өмнө Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлаа өгөх хүсэлтээ илэрхийлсэн. Мэдээллийн сайтууд, цахим орчинд түүнийг Өвөрхангай аймагт тойрогт нэр дэвшихээр Нийслэлийн МАН-ын хороогоо өгч байна гэх мэдээллүүд явсан. Гэхдээ эх сурвалжуудын хэлснээр Д.Сумъяабазар өөрөө намын хороогоо өгөх хүсэлтээ илэрхийлсэн гэхээсээ илүү түүнд шахалт үзүүлж, сонголт тулгасан байгаа юм. Ямар сонголт тулгасан бэ гэвэл Нийслэлийн МАН-ын хороогоо өг. Оронд нь УИХ-д жагсаалтаар дэвш гэдэг сонголт.

Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө яаравчлан Нийслэлийн МАН-ын хороог Д.Сумъяабазараас авсан нь

Нэгт. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нөлөө. Нийслэлийн МАН-ыг гартаа оруулах гэсэн хөшигний ар дахь санаархал аль эртнээс эхлэлтэй явж байсан. Энэ санаархал Д.Амарбаясгалан Д.Сумъяабазар нарын хороонд далд тулааныг үүсгэж байсан бол “ногоон автобус”-ны дуулиан энэ зодооныг тайзан дээр гаргах нь тэр. Д.Сумъяабазарын хэлсэн үг бий. “Тэнүүн-Огоо компанийн захирлыг анх Д.Амарбаясгалан өрөөндөө дуудаж уулзсан. Эндээс ногоон автобус худалдан авах тохироо хийгдсэн” гэж. Энэ үг гал дээр тос нэмэж, ноцоосон. Ийнхүү тайзан дээр гарсан зодоон сонгууль ойртсон үед таарсан нь МАН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөв.

Хоёрт. Өөрийгөө байнга шахам эрх мэдэлгүй байна, хүч хүрэхгүй байна гэж ярьдаг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн намаа бүтэн гартаа авч, эрх мэдлийн оройд удаан орших гэсэн санаархал. Яагаад Нийслэлийн МАН-ын хороог Д.Сумъяабазараас авсан нь нэр дэвшигчдээ тодруулсан байдлаас харагдана. Жагсаалтыг харвал бүр ч ойлгомжтой. Тэрбээр жагсаалт болоод тойрогт нэр дэвшигчдийн олонхийг өөрийн хүмүүсээрээ бүрдүүлж чадсан.

Д.Сумъябазарыг хэрхэн “мурив”

2023 оны намар Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобус худалдан авахдаа хуучин автобус авсан асуудал дуулиан болсон. Энэ хэргийн гол буруутнаар Хотын дарга Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар нэрлэгдсэн. Тухайн үед экс хотын дарга Д.Сумъяабазар: “Хариуцлагаас зугтаасан зүйл байхгүй. Ж.Сүхбаатар сайд дээр байсан төсвийн багцыг би авахгүй гэдгээ хэлсэн. Яагаад гэвэл өмнө нь орж ирсэн автобус дээр бас бөөн хэл ам болсон. Төсөв нь дандаа нийслэл рүү эрх шилжүүлсэн. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд. Наад гүйлгээ нь Сангийн яаманд хянагдаж, Ж.Сүхбаатар сайд гарын үсгээр хөдөлсөн асуудал. Тендер болон ажлын хэсэгт би нөлөөлөх ямар ч боломжгүй. Би Тэнүүн-Огоо ХХК болон Эрдэм транс ХХК-тай нэг ч уулзаж байгаагүй. Д.Амарбаясгалан дарга анх биднийг уулзуулж байсан” гэж өөрийгөө өмөөрч байлаа.

Харин энэ үед Д.Амарбаясгалан: “Автобусны тендертэй холбоотой асуудалд оролцсон хүмүүс өөрсдөө тайлбараа хийх хэрэгтэй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. Уначихаад намайг хэн унагав гээд хайгаад байж болохгүй. Хилээр орж ирсэн автобуснуудыг би дундаас нь солих боломжгүй шүү дээ. Аливаа асуудал бүрийг улс төр болгож, өөрсдөдөө давуу байдлыг олж авдаг байж болохгүй юм. Илүү ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцсан ажлаа хийдэг байхад анхаарч байгаа” гэж хариу барьж байлаа.

Ийнхүү “би буруугүй, Хотын даргаас огцрохгүй” гэж байсан Хотын дарга Д.Сумъяабазар Ерөнхий сайдын өрөөнд ороод хоёр цагийн дараа гарч ирээд тэс өөр үйлдэл хийсэн. Албан ёсоор Хотын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв. Д.Сумъяабазарын “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлснээр “Л.Оюун-Эрдэнэ Хотын даргын суудлаа өгчих өө. Х.Нямбаатарыг оронд чинь томилчихъё” гээд түүнээр өөрөөр нь чөлөөлөгдөх хүсэлт гаргуулсан. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн урдаа Х.Нямбаатарыг барьж байгаад Д.Сумъяабазарыг “мурьсан” эхний мэх.

Хоёр дахь муриагаа хийхдээ Л.Оюун-Эрдэнэ дахиад Х.Нямбаатарыг урдаа барьсан. Нийслэлийн намын хороог нь хуурай дүү Х.Нямбаатарт нь авч өгсөн нь Д.Сумъябазарт бас л итгэл төрүүлэв. Тэрбээр өөрөө жагсаалтын дээгүүр бичигдээд, нийслэлд өөрсдийн хүмүүсээсээ дэвшүүлнэ гэж горьдсон нь гарцаагүй. Учир нь Д.Сумъяабазар Х.Нямбаатар нар хуурай ах дүүс гэлцдэг. Харин Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатартай үеэлүүд. Тэгэхээр Д.Сумъябазар бид нэг тал гэж бодсон болж таарав. Гэхдээ энэ нь үлээх төдийд хагарах “хөөс” байсныг тэр сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах мөчид мэдсэн байх.

Д.Амарбаясгалан Д.Сумъяабазарт хандаж “өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гэж хэвлэлээр хоёр ч удаа хэлсэн. Хавираа, хутгаа, тонгороо, ам мэх гээд олон хүчтэнүүдийн олон ч мэхийг аргалж үндэсний бөхийн оройд гарч чадсан аварга маань улс төрчдийн “муриа” мэхийг үнэндээ аргалж чадсангүй дээ.

Эх сурвалж: Newspress.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *