БУЛГАН: Эв нэгдлийн их цагаан суваргын Алтан ганжрыг заллаа
Булган аймагт сүндэрлэх “Эв нэгдлийн цагаан суварга”-ын ажил 2021 оны 8 дугаар сард эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалт үргэлжилсээр өнөөдөр утга учирт Алтан ганжрыг хүндэтгэн заллаа.
Энэ Эв нэгдлийн гэрэлт цагаан суварга 38 метр өндөр, 27×27 метр өргөн, 4 зүг найман зовхисоос тус бүрдээ 108 гишгүүр бүхий явган замтай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, амралт аялал жуулчлалын цогцолбор бүхий түүх, соёлын хосгүй үнэт өв болно. 16 метр 4 давхрыг нь соёл үйлчилгээний талбайн зохион байгуулалттайгаар цагаан гантиг чулуугаар бүрж шөнийн цагаар неон гэрлээр гэрэлтэнэ.
Их цагаан суварга нь 8,8 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Монгол хүний эр зориг, эв нэгдэл, хүн чанар, зөв байх, үнэн явах бүхий л сайн сайхан бүхэн он жилийн уртад сэтгэлгээний гүн, бишрэл шүтлэгт зангилагдаж ирсэн түүхтэй.
Түшээт хан аймгийн Дайчин Чин вангийн хошууны нутаг буюу одоогийн Булган аймгийн төв Булган уул, Гурван Ачуут гол хэмээх газар Манжийн Энх-Амгалангийн 24 дүгээр /1685/ онд Дайчин вангийн хүрээ хийдийг байгуулжээ. Тус хийд нь 27 дацан, 30 орчим дуган, жас, 1500 орчим лам хуврагтай, Ар Монголын шашин мөргөл, худалдааны томоохон төв болж байсан.
1876 онд Диваажин буюу Жаргалын орон гэдэг нэртэй сүмийг хиймэл уулан дээр байгуулж, 1904 онд сүрлэг үзэсгэлэнтэй Цагаан суваргыг бүтээжээ. Их цагаан суваргыг Улиастайн амбан сайд асан Цэрэндорж ноён 1877 онд эхлүүлэн, түүний ач хүү Чин ван Ханддорж нь 1904 онд дуусгаж, XIII далай лам Тvвдэнжамцаар аравнайлуулсан тvvхийн чухал дурсгал байсан юм.
1937 онд Дайчин вангийн хүрээний үйл ажиллагааг бүрмөсөн хааж 1937 оны намраас сүм дуганыг нурааж эхэлсэн ба хамгийн сүүлд 1960-аад оны үед цогчин дуганыг нураажээ. Чин ван Ханддоржийн 1904 онд бүтээн босгож Дайчин вангийн хүрээний цог золбоо болсон Цагаан суваргыг сэргээн санах түүхийн олон баримтыг төвлөрүүлэн өв соёлын үнэт төв болох Эв нэгдлийн их цагаан суварга Булганыхны хувьд эрхэмлэн нандигнах чухал бүтээн байгуулалт болж буйг ахмад настан Д.Дашдондог бахархан ярьж байна.