Дугуйтай аялагч Б.Очирваань Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд тоглоно
Манчестер Юнайтедын дэмжигч Б.Очирваань Олд Траффордод хөлбөмбөг тоглох урилга авчээ
Дугуйгаар аялагч Б.Очирваань өнгөрсөн жилийн тавдугаар сард Улаанбаатараас Англи улс руу унадаг дугуйтай аялал эхлүүлж, 20 орон, 14 мянган км замыг туулж зорьсон газраа хүрсэн. Тэрээр хөлбөмбөгийн хорхойтон бас тамирчин бөгөөд өөрийн мөрөөдөлдөө хөтлөгдөн Английн Манчестер Юнайтед багийн тамирчидтай уулзах чин хүслийг тээж энэхүү аяллаа эхлүүлсэн байдаг. Түүний мөрөөдөл биелж, Манчестер Юнайтед багийн хөл бөмбөгийн одуудтай уулзсан бол өнөөдөр Б.Очирваань Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд хөл бөмбөг тоглохоор уригджээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
“Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Би зургана цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100% биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн.
Удалгүй гурван цагийн дараа “WhatsApp”-аар чат ирэв. Шалгасан чинь “Манчестер Юнайтедаас холбогдож байна” гэсэн мэссэж байв.
– Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?
– Тиймээ би маш их хүсэж байна.
– Пүрэв гарaгт Олд Траффордод болох шоу тоглолтонд урьж байна
-Tаны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтонд оролцохоор боллоо. Олд Траффордод хөлбөмбөг тоглоно гэнэ” гэж бичжээ.