МАН саналын хуудаст дарга нарын хүмүүсээ дээгүүр бичжээ
Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудаст бичихдээ нам, эвслээс ирсэн саналын дагуу эрэмбэлэх хуультай.Тэгвэл МАН-аас СЕХ-нд саналын хуудаст нэр дэвшигчдийнхээ нэрийг эрэмбэлэх саналаа хүргүүлж, энэ нь нэр дэвшигчдийнх нь дунд маргаан дагуулаад амжжээ. Учир нь саналын хуудаст нэр дэвшигчдийг хэрхэн эрэмбэлэх асуудлыг намын Бага хурлаар хэлэлцдэг бөгөөд энэ удаад Бага хурлаар хэлэлцэж амжилгүй Удирдах зөвлөлд энэ эрхийг шилжүүлжээ. Гэтэл Удирдах зөвлөл хуралдаж энэ асуудлыг хэлэлцэлгүйгээр СЕХ-д саналаа хүргүүлж, нэр дэвшигчид нь үүнд сэтгэл дундуур байгаа бөгөөд намын даргадаа гомдол мэдүүлээд байгаа сурагтай.Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар саналын хуудаст нэр дэвшигчдийн нэрийг эрэмбэлэхдээ намын бодлогоор шийдвэрлэх бөгөөд рейтинг өндөртэй хүмүүсийг хойгуур бичнэ гэж байсан ч эсрэгээрээ эрх мэдэл, дарга нартай ойр хүмүүсээ дээгүүр бичжээ.Тухайлбал, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг зургаан мандаттай бөгөөд саналын хуудсын нэгд, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, хоёрт, МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал, гуравт, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гуравт бичигджээ. Тойргийг томсгож бүсчилсэн учраас саналын хуудаст дээгүүр бичигдэх нь чухал ач холбогдолтой. Учир нь сонгогчид нэг тойрогт 5-10 хүний нэрийг дугуйлна. Тиймээс саналын хуудаст хойгуур бичигдэх нь сонгогдох магадлалыг бууруулах учраас нам доторх маргааны нэг сэдэв болоод байгаа аж.