ХЗБХ “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль”-д тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав

0

 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн (2023.03.15) хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ талаар хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Их Хурал 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг эцэслэн баталсныг Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан байна. Улсын Их Хурал уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн, эцэслэн баталсан, төслүүдийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, нэр бүхий хуулиудын дагаж мөрдөх хугацаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан болохыг Я.Содбаатар дарга танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир байр сууриа илэрхийллээ. Хоригийн агуулга нь хуулийн төслийг баталсан үйл явцтай холбоотой, харин хуулийн зохицуулалтаас үүдээгүй гэдгийг анхаарах нь зүйтэй гэв. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд иргэдтэй уулзах үеэр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон холбогдох хуулиудыг дэмжиж байсныг хэллээ. Цахим орчин дахь гэмт хэргийн хохирогч өдөр өдрөөр нэмэгдэж, цар хүрээ өргөжиж байгааг байгааг Ц.Сандаг-Очир гишүүн дурдаад, Засгийн газар, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт дурдсан нөхцөлүүдийг хангаад дахин өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа Байнгын хорооны дарга Б.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.5-д “Гишүүд энэ хуулийн 88.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно”, 88.6-д “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ” хэмээн заасан байдгийн танилцуулаад, санал хураалт явууллаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн шийдвэрлэв. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм. 

Дээрх хугацаанд тус Байнгын хороо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Цогтбаатар нар зарим асуудлыг тодруулж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжиж, “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” тогтоол батлагдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *