Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг сонсож, холбогдох төслийг хэлэлцэв

0


УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.06.05) хуралдаан 10 цаг 28 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 31-нийн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн “Бүсчлэлийн тогтолцоо” гэсэн 2 дугаар бүлгийн 2.1 дэх хэсгийн томьёоллын агуулгыг алдагдуулахгүйгээр, найруулгын шинжтэй засвар хийх; төслийн 1 дүгээр хавсралт буюу тусгай хамгаалалтад авах газар нутгийн хэмжээ нь шалгуур үзүүлэлттэй нийцэхгүй байгаа тул холбогдох яамаар дахин нягтлуулж, өөрчлөх; бүсүүдэд хамаарах аймгуудын хуваарийг уян хатан өөрчлөх болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үе шатыг өөрчилж болох зохицуулалтыг тус тус хасах; төслийн 2 дугаар хавсралт буюу шалгуур үзүүлэлтийн авто замтай холбогдох хэсэгт тоо баримтыг нийцүүлж, өөрчлөх болон төслийн зүйл, хэсэг, заалт хоорондын нийцлийг хангах, тоон мэдээллийг нягтлах чиглэлээр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд зарчмын зөрүүтэй 17 санал гаргасан байна. Хангайн, баруун, говийн бүсэд Арцсуурь боомт, Шивээхүрэн боомт чиглэлийн босоо тэнхлэгийн өндөр хурдны авто замын бүсэд ногдох хэсгийг барих саналыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг гаргасан байна. Зарчмын зөрүүтэй эдгээр саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн Н.Энхболд гишүүн танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Ц.Туваан нар асуулт асууж, үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналын 16 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

Дараа нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын зарим хэсэг 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэлээ. Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дүгнэлтийн талаар Цэцийн гишүүн Д.Гангабаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцжээ. Тус хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр /илтгэгч/, Д.Гангабаатар, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа нар хуралдсан байна. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг томилогджээ. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчид … дараахь зүйлийг хориглоно:” гээд 69.1.8 дахь заалтад “нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;” гэж заасны “…, үйлдвэрчний эвлэлийн …, үйлдвэрчний эвлэлийн …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол …-ын үүднээс … олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. …” гэснийг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.

Тус дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм. Иймд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 42 гишүүний 57.8 хувь Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн шийдвэрлэлээ. Энэ дагуу холбогдох тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 55.8 хувь нь дэмжив. Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг Г.Занданшатар дарга нэгдсэн хуралдаанд танилцууллаа. 

УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг хуралдаанд танилцууллаа.

Тус Байнгын хороо 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Энэ үеэр хэрэгжих хугацааг ердийн журмаар, хуулийн төслийн хавсралтад тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацааг санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулах саналыг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд гаргаж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Бямбацогт нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын гурван томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Засгийн газраас 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

Байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх, соёлын өвийг хамгаалах, биологийн төрөл, зүйлийг хамгаалах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн, дархан цаазат газар болгон улсын тусгай хамгаалалтад авахаар холбогдох судалгааг хийж, үүнд үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

Энэхүү тогтоолын төсөлд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн дархан цаазат газар болгохоор улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран боловсруулж, орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргуулсан байна. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан хийсэн судалгаа, Үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог судалгаа, аргачлалын дагуу хийж, холбогдох яамдаас санал авч тусгажээ. Түүнчлэн, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны met.gov.mn цахим хуудаст тогтоолын төслийг нээлттэй байршуулан, санал авсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Булган уулыг дархан цаазат газар болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд, ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар улсын тусгай хамгаалалтад орох юм. Мөн хамгаалалтын менежментийг Засгийн газрын 2006 оны 87 дугаар тогтоолын дагуу дархан цаазат болон байгалийн цогцолбор газрыг нэг байгаль хамгаалагч хариуцах талбайн хэмжээтэй уялдуулан орон тоог тогтоох, цалингийн санд өөрчлөлт оруулах замаар Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хариуцан хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ. Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын 1995 оны “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 тогтоол, тус тогтоолын холбогдох хавсралтуудад өөрчлөлт орох юм байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 22 буюу 56.4 хувь нь “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 28, 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дагуу баригдсан нийтийн номын сан, ахмадын төв, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, боловсрол, соёлын болон нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай, олон улсын стандартад нийцсэн барилга байгууламжид ногдох үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах шийдвэр гарснаас хойш эхний таван жилийн хугацаанд чөлөөлж болох зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гарсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нийслэлийн бүтээн байгуулалттай холбогдуулан тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаарч буй газарт төсөл хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газар эрх зүйн зохицуулалтын хүрээнд Хууль тогтоомжийн тухай болон бусад хуультай уялдуулан хуулийн дагуу шийдвэрлэх боломж байгааг тэмдэглэн хэлснийг санал, дүгнэлтэд дурдсан юм. Мөн ажлын хэсгээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын нэг болох Хот, тосгоны өөрийн удирдлагын үйл ажиллагаандаа баримтлах зарчимд ‘‘6.1.9.төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих” гэсэн санал дэмжигдсэнтэй холбогдуулан Байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан байна. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Б.Бейсен нар асуулт асууж, хариулт авсан. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үеэр ч Байнгын хороодын хуралдаан давхацсан тул үдээс хойших хуралдаанаар санал хураалтыг явуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар шийдвэрлэсэн.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа.

Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, анхны хэлэлцүүлгийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хийжээ. Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс боловсруулсан Хот, тосгоны өөрийн удирдлагын үйл ажиллагаандаа баримтлах зарчимд ‘‘6.1.9.төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих” гэсэн санал дэмжигдсэнтэй холбогдуулан Байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Нийслэлийн хэмжээнд нийгмийн суурь хэрэгцээнд шаардлагатай нийтийн зориулалттай дэд бүтцийг бий болгоход эрчим хүч 6.6 их наяд төгрөг, сэргээгдэх эрчим хүч 720 тэрбум төгрөг, дулаан хангамж 1.4 их наяд төгрөг, ариутгах татуургын хангамж 3.3 их наяд төгрөг, аюултай хог хаягдал, хүнсний хангамж их багтаамжтай нийтийн тээвэр зэрэгт 2040 он гэхэд нийт 110.7 их наяд төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Уг зардлыг төсвийн эх үүсвэрээр шийдвэрлэх боломжгүй тул хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах практик хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгараад байгааг харгалзан хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд аймаг, нийслэлд тодорхой салбарын төр-хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх эрх хэмжээг бий болгож, улмаар хэрэгжилтийг хангах үүднээс аймаг. Нийслэлийн ИТХ, Засаг даргын бүрэн эрхэд өөрчлөлт оруулахаар тусгасан бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар аймаг, нийслэл нь өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүс нутгийн хөгжлийг дэмжих, улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн үзүүлэхүйц тодорхой төслүүдийг тодорхойлж,  бие даан хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцэж, хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй байна. Иймд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргаж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Дээр санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан юм. Томоохон шинэчлэлүүд хийгдэх учраас хуулийн хэрэгжих хугацаа 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс, төсөв санхүү болон засаг, захиргааны нэгжийн талаарх зохицуулалтууд нь 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр төсөлд тусгагдсан байгаа аж. Түүнчлэн Хотын зөвлөлийн талаарх иргэд зөвлөлөө байгуулахтай холбоотой зохицуулалт нь 2028 оноос хэрэгжих боломжтой гэсэн цаг хугацааны товтой байгаа гэдэг тодруулыг өгсөн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр нийслэл, улсын төсвөөс сүүлийн гурван жил дараалан санхүүгийн дэмжлэг аваагүй, бие даан хөгжиж байгаа, эсхүл 100.000 түүнээс дээш хүн амтай аймаг эрчим хүч, дулаан, хог хаягдлын менежмент, гадаргын ус, саарал усны барилга, байгууламжийн менежмент, цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, хурдны зам, багтаамж ихтэй нийтийн тээвэр, тээвэр ложистикийн төв, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн барилга байгууламж, 100 тэрбум төгрөг, түүнээс дээш өртөгтэй түншлэл хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх аж. Ийм байдлаар хотуудад бие даан хөгжих, эдийн засгаа авч явах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн байна. Хотуудын дэд бүтцийн асуудлын улсын болон орон нутгийн төсвөөс бүрэн шийдвэрлэх боломжгүй тул үнэ тарифын зөв бодлогыг явуулж, зарим үнэ тарифыг үе шаттай чөлөөлснөөр хувийн хэвшил хөрөнгө оруулалтаа хийнэ хэмээн тооцсон байна. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны дэмжсэн горимын саналаар санал хураалт явуулахаар байсан ч үдээс хойших хуралдаан хүртэл санал хураалтыг хойшлуулав.

Хуулийн төслүүдийн эцсийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.

Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 05 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн гэв. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллын санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар шийдвэрлэв.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд нарын нэр бүхий зургаан гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 05 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нарын нэр бүхий дөрвөн гишүүний  өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 05 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Анхны хэлэлцүүлгийн үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн Б.Жаргалмаа гишүүн танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороон шилжүүлэв.

Соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар нар тус тус танилцууллаа. Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай 1947 оны конвенц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага бүрийн эрх ямба, дархан эрхийн асуудлыг зохицуулдаг бөгөөд Монгол Улс уг конвенцыг 1970 онд соёрхон баталсан. Дэлхийн Оюуны өмчийн байгууллагад 1974 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллагын статусыг олгож, улмаар дээрх конвенцын XV хавсралтаар түүний эрх ямба, дархан эрхийг шинээр баталгаажуулжээ.

Монгол Улс Дэлхийн Оюуны өмчийн байгууллагад 1979 онд гишүүнээр элсэн орж, уг байгууллагатай идэвхтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн хэдий ч “Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц”-ын XV хавсралтыг нэмэлтээр соёрхон батлаагүй байна. Тус конвенцын XV хавсралтыг соёрхон баталснаар нэгдүгээрт, Монгол Улс суурь конвенцын дагуу 1970 онд хүлээсэн үүргээ биелүүлэх, хоёрдугаарт, Дэлхийн Оюуны өмчийн байгууллага болон түүний Монгол Улс дахь үйл ажиллагаа аливаа саад тотгоргүй, илүү идэвхтэй өрнөх эрх зүйн суурийг тавина хэмээн Ч.Номин сайд танилцуулсан.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76 дугаар зүйлийг баримтлан хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан явуулах санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шийдвэрлэсэн юм.

Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батласан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д соёрхон батлахаар заасан “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн.

Энэхүү конвенц нь хулгайлагдсан эсхүл хууль бусаар хилээр нэвтрүүлсэн соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох болон буцаах талаар хувийн эрх зүйн хүрээнд улс хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөнгөвчлөхөд чиглэдэг олон улсын эрх зүйн баримт бичиг юм. Конвенц нь 5 бүлэг, 21 зүйл, хавсралтаас бүрддэг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 54 улс конвенцод нэгдэн ороод байгаа аж.  

Монгол Улсын 1991 онд нэгдэн орсон ЮНЕСКО-ийн 1970 оны “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” конвенцын дутуу эсхүл зохицуулалгүй үлдээсэн зарим асуудлыг энэхүү конвенцод нарийвчлан тусгаснаараа онцлогтой аж. Тухайлбал, хулгайлагдсан, эсхүл хууль бусаар хилээр нэвтрүүлсэн эд зүйлийг нэхэмжлэх хугацаа, уугуул оршин суугчдын соёлын эд зүйлийг өмчлөх эрх, нөхөн төлбөрийн нөхцөл, өмчлөх эрхийг тогтоох үйл ажиллагаа зэргийг нарийвчлан тусгасан байдаг байна. Конвенцыг соёрхон баталснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэхээр заасан зорилт арга хэмжээний хүрээнд соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох болон буцаах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэхээс гадна олон улсын эрх зүйн хүрээнд соёлын өвийн хууль бус худалдаатай үр дүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэн эрх зүйн орчин боловсронгуй болох юм байна. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох журмыг баримтлан хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг соёрхон батлахыг дэмжсэн хэмээн Н.Наранбаатар гишүүн танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан явуулах санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар тогтов.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Д.Цогтбаатар нарын 4 гишүүн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 05 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмыг баримтлан төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасан хэмээн Ш.Раднаасэд гишүүн танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар шийдвэрлэсэн. Үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Д.Цогтбаатар нар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Байнгын хорооноос боловсруулжээ. Төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа явуулсан байна.

Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст, эсхүл нээлттэй бусад цахим платформд байршуулах, үүнийг хэрэгжүүлэх хүрээнд цаас, цаасан баримтыг цахим баримтаар хөрвүүлэх, бүх шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхэд шаардлагатай программ хангамж, техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой цаг хугацаа шаардагдах юм. Мөн шүүгчийн зэрэг, дэвтэй холбоотой санхүү, төсвийн асуудлыг ирэх оны төсөвт тусгах шаардлагыг харгалзаж тэдгээртэй холбоотой хуулийн зүйл, хэсэг, заалтыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс ялгаатай тогтоох нь зүйтэй хэмээн үзэж, төслийг боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргаж, гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн бөгөөд холбогдох санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар боллоо.

Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ

Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн Б.Саранчимэг гишүүн танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороон шилжүүлсэн.

“Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжилж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

Засгийн газраас 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. 

Г.Тэмүүлэн гишүүний танилцуулсан энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн бөгөөд холбогдох санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар Г.Занданшатар дарга шийдвэрлэсэн.

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.  

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн Т.Энхтүвшин гишүүн танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллын талаарх санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар шийдвэрлэсэн.

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилж, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Анхны хэлэлцүүлгийн үеэр зарим заалт олонхын дэмжлэг авсан тул бусад хуультай нийцүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооноос боловсруулжээ. Төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргаж, гишүүдийн олонх дэмжсэн хэмээн Ц.Идэрбат гишүүн танилцууллаа.  

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн бөгөөд холбогдох санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар боллоо.

Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг сонсож, холбогдох тогтоолын төслийг хэлэлцэв

Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар сонсож, холбогдох тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаар Ц.Сандаг-Очир гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаа”-д хяналт шалгалт хийжээ. Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо нь 11.1 мянга гаруй хуудас баримт материалыг нотлох баримтаар цуглуулж, сар гаруй хугацаанд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2024 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд сонсголын үр дүнд үндэслэн санал, дүгнэлт гаргасан байна.

1. Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагааны талаар:

1. 1997-2023 оны хооронд нийт ашигт малтмалын хайгуулын 14,299 тусгай зөвшөөрөл олгосон байна. Улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын газрын нэгдмэл санд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газар 6,930.6 мян.га талбайд хүчин төгөлдөр 2,767 тусгай зөвшөөрөл, үүнээс 1,731 ашиглалтын тусгай зөвшөөрөл, 1,036 хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Нийт тусгай зөвшөөрлөөр олгосон газар нь Монгол Улсын газар нутгийн 4.5 хувийг эзэлж байна. 

2. Ашигт малтмалын тухай хууль 1994, 1997, 2006 онуудад шинэчлэн батлагдаж байсан бөгөөд өнөөдөр 2006 онд батлагдсан шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилж байна. 2006 оноос хойш Ашигт малтмалын тухай хуульд 43 удаа нэмэлт, өөрчлөлт орсон.

1.3.Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын тогтоолоор болон Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар цахим хэлбэрээр зохион байгуулан олгож байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журам, сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар баталдаг. Хамгийн өндөр үнийн санал өгсөн тохиолдолд 70 хүртэлх оноогоор үнэлж байгаа нь геологи хайгуулын мэргэжлийн аж ахуйн нэгжүүдийн ажлын туршлага, техникийн хүчин чадал, мэргэжлийн ур чадварыг үнэгүйдүүлсэн, тусгай зөвшөөрлийг арилжааны хэрэгсэл болгох үндсэн шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байна гэж дүгнэсэн.

1.4.Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцоод хамгийн өндөр үнийн санал өгч шалгарсан ААН зөрүү төлбөр төлөхгүй, тусгай зөвшөөрөл авахгүй орхиж явах тохиолдол 68 удаа гарсан бөгөөд энэ нь тухайн талбайд явагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор уг талбайг эзэнгүй байлгах гэсэн санаатай үйлдэл байж болохоор байна.

1.5.Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газартай давхцуулан ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөл олгохыг хориглодог хуулийн зохицуулалттай. Нотлох баримтаар, газрын удирдлагын системд бүртгэлтэй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрын мэдээллээр нийт 1094 нэгж талбарын 184.7 га газартай хайгуулын тусгай зөвшөөрөл, нийт 2151 нэгж талбарын 191.9 га талбай газартай ашиглалтын тусгай зөвшөөрөл давхцалтай байна.

1.6.Байгууллага хооронд мэдээлэл солилцох хамтын ажиллагаа хангалтгүй, төрийн байгууллагуудын хууль тогтоомж мөрдөөгүй хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж 3245 иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хууль зөрчигдөхөөс гадна Газрын хэвлийн тухай хуулийн 20.3, Газрын тухай хуулийн 31.3, Ашигт малтмалын тухай хуулийн 14.1, 24.4.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6.1.1 дэх заалт тус тус зөрчигдсөн байна.

1.7.Улсын тусгай хэрэгцээний болон хуулиар хориглосон бусад газарт ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулахыг хориглодог хуулийн зохицуулалттай. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай байдлын талаарх мэдээлэл зөрүүтэй байна. Ашигт малтмал, газрын тосны газар болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн давхцалтай газар нутгийг дараах байдлаар ангилан дүгнэсэн. Үүнд:

– Ашигт малтмал, газрын тосны газрын ирүүлсэн мэдээллээр тусгай хамгаалалттай газар, нутагтай давхцалтай 40 ашиглалтын, 1 хайгуулын тусгай зөвшөөрөл байна.

– Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр тусгай хамгаалалттай газар, нутагтай давхцалтай 19 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна.

– Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ирүүлсэн тусгай хамгаалалттай газар, нутагтай давхцалтай 22 ашиглалтын, 7 хайгуулын тусгай зөвшөөрөл байна.

1.8.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтад 53 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалтай 97 түүх, соёлын дурсгалт газар, хайгуулын 115 тусгай зөвшөөрөлтэй давхцалтай 263 түүх, соёлын дурсгалт газар байна. ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс нийт 20 түүх, соёлын дурсгалт газрын 6 нь устсан, 6 нь дам эрсдэл учруулсан, 8 нь нөлөөллийн бүсэд орсон баримт ирүүлсэн. Соёлын яамнаас ирүүлсэн баримтаар 9 түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын байршил нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан зөрчил илэрсэн.

2. Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх талаар:

2.1.Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим нь хуулиар эрх олгоогүй журам, маягт баталж Монгол Улсаас экспортолж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээг олгож байгааг таслан зогсоож, холбогдох мэргэжлийн байгууллагаас гэрчилгээ авах, түүнчлэн замын хуудас, тээвэрлэлтийн хуудсаар экспортолж байгаа ашигт малтмалын гарал үүсэлд хяналт тавих зайлшгүй шаардлагатай байна.

2.2.Хянан шалгах ажлын хүрээнд тогтоогдсон тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд үйл ажиллагаа явуулахгүй байгаа 1076 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нөөцгүй, нөөц дууссан, тодорхойгүй ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулахгүй байгаа боловч ашигт малтмал экспортолж буй этгээдүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.3.Хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн зохицуулалтад уурхайн хаалтын асуудлыг байгаль орчны нөхөн сэргээлттэй холбон ойлгож ирсэн нь хаалтын асуудлыг бүрэн шийдвэрлэхэд хангалтгүй байна. Уурхайн хаалт, хаалтын дараах хяналт, хаасан уурхайг орон нутагт хүлээлгэж өгөх зэрэг асуудлуудыг цогцоор нь зохицуулах ёстой. Тухайлбал, хаалтаа бүрэн хийсэн уурхайн талбайг ирээдүйд өөр зориулалтаар ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан эрх зүйн орчин дутагдалтай байна.

3. Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилтийн талаар:

3.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу орон нутгаас олгосон нийт 498 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 359, ашиглалтын 139 тусгай зөвшөөрөл байна. Дундговь, Сэлэнгэ, Өмнөговь, Төв аймаг, Улаанбаатар хотод түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хамгийн их буюу нийт тусгай зөвшөөрлийн 44 хувийг эзэлж байна. Нотлох баримтаар ашигт малтмалын хайгуулын болон алт, нүүрс, жонш, төмөр зэрэг ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай зэрэгцүүлэн Дундговь аймагт 31, Өмнөговь аймагт 13, Сэлэнгэ аймагт 10, Төв аймагт 9 түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгожээ.

3.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хойш түгээмэл тархацтай ашигт малтмалын Улсын нөөцийн нэгдсэн тоо бүртгэл, түүний хөдөлгөөн, баланс огт хийгдэхгүй байна. Энэ нь Газрын хэвлийн тухай хуулийн 45.1 дэх хэсэгт “Ашигт малтмалын нөөц, орд, илрэлийг улсын нэгдсэн тоо бүртгэлд заавал бүртгэнэ” гэж заасныг зөрчиж байна.

3.3.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах нэрээр халхавчлан “журамд зааснаас том оврын техник, хэрэгсэл ашиглах, нөхөн сэргээгдээгүй эвдрэлд орсон талбайд үйл ажиллагаа явуулах ёстой байтал хөндөгдөөгүй эрүүл талбай хөндөгдсөн гэх хуурамч материал бүрдүүлэн олборлох, санаатайгаар хууль бус олборлогч нарыг оруулж, эвдрэлд оруулах” зэрэг журмын хэрэгжилтэд нийтлэг алдаа зөрчил нэмэгдэх хандлагатай байна.

3.4.Бичил уурхайн асуудлуудаар нотлох баримтыг шинжлэн судлахад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны хууль, эрх зүйн зохицуулалтууд “нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ажлын байр бий болгох, орон нутгийн төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх, бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах” гэсэн анхны үзэл баримтлал нь дэвшүүлсэн зорилтоо хангасан боловч цаг үе, ач холбогдлоо алдсан байна. Иймд бичил уурхайн асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай байна.

4. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хураах үйл ажиллагааны талаар:

4.1.Ашигт малтмалыг дотоодод борлуулахад баримтлах жишиг үнэ зарлагддаггүйгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн борлуулалтын орлогод үндэслэн АМНАТ ногдуулж байгаа нь АМНАТ-тай холбоотой маргаан зөрчил үүсэх шалтгаан болж байна.

4.2.Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч холбогдох хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй. Гэвч 2022 онд 157, 2023 онд 129 аж ахуйн нэгж АМНАТ-ын тайлан ирүүлээгүй байна.

4.3.2023 оны байдлаар бүтээгдэхүүн экспортолсон боловч татварын албанд АМНАТ-аа тайлагнаагүй 44 аж ахуйн нэгж байна. Үүнээс жоншны экспорт дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд нийт 8.8 тэрбум төгрөгийн АМНАТ тайлагнах, төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гэж үзэхээр байна.

4.4.Ашигт малтмалын тухай хуулиар үүсмэл ордыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг байсныг аж ахуйн нэгж хоорондын гэрээгээр зохицуулдаг болсон нь үүсмэл ордын АМНАТ-ыг 2.5 хувиар ногдуулж орлого буурах нөхцөлийг бий болгосон бөгөөд 6 аж ахуйн нэгжид хуулиар давуу байдал олгосон байна.

4.5.Дагалдах ашигт малтмалын бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа гаалийн лабораторийн дүгнэлтээр илэрсэн бүх төрлийн ашигт малтмалд ногдуулж байгааг ашигт малтмалын хүдэр баяжмалын төрөл, ангиллаас хамааруулан эдийн засгийн хувьд үр ашигтай дагалдах ашигт малтмалыг тодорхойлж, түүнд АМНАТ ногдуулах нь зүйтэй байна.

4.6.Татварын албанаас уул уурхайн компаниудад хийсэн хяналт шалгалтын 24.5 хувьд нь АМНАТ-тай холбоотой зөрчил илэрсэн байна. Сүүлийн жилүүдэд АМНАТ-тай холбоотой зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Тусгайлсан удирдамжтайгаар 85 татвар төлөгчид хяналт шалгалт хийхэд нийт төлбөр ногдох суурь үнэлгээний 2.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн нь ТЕГ-аас ирүүлсэн нотлох баримтаар илэрсэн.

4.7.Өнөөдрийн байдлаар Татварын албанд хуримтлагдсан Уул уурхайн салбарын татварын нийт өр 3.3 их наяд, үүнээс 514 аж ахуйн нэгжид хамаарах АМНАТ-ын өр 1.1 их наяд төгрөг байна.

5.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшлийн талаар:

5.1.Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 ордыг баталсан. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын эдгээр ордоос өнөөдрийн байдлаар 7 нь үйл ажиллагаа явуулаагүй, 9 ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

5.2.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орлого төвлөрүүлэх суурь бүтцийг бий болгох замаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцэхээр байна.

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос хийсэн хянан шалгах ажил, түүний хүрээнд зохион байгуулсан нотлох баримт шинжлэх судлах сонсгол нь шударга ёсыг тогтоох, иргэдийн мэдэх эрхийг хангах, байгалийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн Баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх арга хэмжээ болсон хэмээн Ц.Сандаг-Очир гишүүн тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хууль 2022 онд батлагдаж, тус хуулийн хүрээнд байгуулагдсан 5 дахь буюу отгон Хянан шалгах түр хороо ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагааны хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, бүртгэл, шилжилт хөдөлгөөн болон тусгай зөвшөөрлийн талбайн давхцал, ашигт малтмалын ордын зориулалтын дагуу ашиглалт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төлөлт, өртэй холбоотой олон зөрчлүүдийг илрүүлж, холбогдох хууль хүчний байгууллагуудад шилжүүлэх, ард түмний өмч болох байгалийн баялгийг зүй бусаар ашигласан, хууль зөрчсөн олон үйл ажиллагааны нотлох баримт, мэдээллийг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгосон гэв.   

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хороо нь “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан

1/Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуульд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх, зориулалтын дагуу ашиглах, албан татвар, төлбөр, хураамж ногдуулах, тайлагнах, хураах үйл ажиллагааг зохицуулсан хуулийн зүйл, хэсэг, заалтад хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, чиг үүргийн шинжилгээг хийж, холбогдох хуулийн төслийг боловсруулан 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зарчимд нийцүүлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

3/Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газартай давхцуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон талбайд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсэн асуудлыг шалгаж, холбогдох арга хэмжээг авч, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх;

4/Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.” гэж заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрыг хамгаалалтад авч, бүртгэлийг сайжруулах;

5/хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газар, гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, усны сан бүхий газар, улсын тусгай хамгаалалттай газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан асуудлыг судалж, төрийн байгууллагын мэдээлэл зөрүүтэй байгаад дүгнэлт хийж, мэдээллийн сан хоорондын уялдааг хангах, орон зайн өгөгдөлд суурилсан мэдээллийн системийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдох арга хэмжээг 2024 оны 4 дүгээр улиралд багтаан зохион байгуулах;

6/ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн өр үүссэн шалтгааныг судалж, өрийн үлдэгдэл 1.1 их наяд төгрөгийг яаралтай барагдуулах арга хэмжээг авч, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг боловсруулан 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7/Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам, Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг шинэчлэн боловсруулах, эдийн засгийн хувьд үр ашигтай дагалдах ашигт малтмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах эрх зүйн орчныг бий болгох;

8/үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар ногдуулж байгаа хуулийн холбогдох заалтад үр дагаврын үнэлгээ хийж, холбогдох саналыг боловсруулан 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах;

9/ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч өөрчлөгдөхөд төлөх татвар ногдуулах суурийг тооцох аргачлалыг боловсронгуй болгох;

10/хууль бусаар ашигт малтмал олборлогчийн үйл ажиллагааг таслан зогсоох, эвдрэлд орсон, орхигдсон талбайн байгаль орчинд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, нөхөн сэргээх, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах;

11/уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, хаасны дараа орон нутагт хүлээлгэж өгөх асуудлыг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх;

12/бичил уурхайгаар ашигт малтмал олборлох эрх зүйн зохицуулалтын талаар дүн шинжилгээ хийх, холбогдох саналыг боловсруулан 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах;

13/Монгол Улсын нийт газар нутгийн эрдэс баялгийн хэтийн төлөвийг тодорхойлж үнэлэх, зохистой хэрэглээг хянах зорилгоор геологийн суурь судалгааны ажлыг эрчимжүүлэх;

14/Монгол Улсын ашигт малтмалын нөөц, орд, илрэл болон газрын хэвлийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хуульд заасны дагуу шинэчлэх, ордын ашигт малтмалын нөөцийн үнэн зөв байдал, тоо хэмжээ, чанар, орших нөхцөл, судалгааны түвшин, эдийн засгийн ач холбогдол, ордыг олборлолтод бэлтгэсэн байдалд магадлан шинжилгээ хийж, үнэмшлийг тогтоох;

15/уул уурхайн биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх;

16/Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим нь хуулиар эрх олгоогүй журам, маягт баталж Монгол Улсаас экспортолж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээг олгож байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, холбогдох хуулийн төслийг боловсруулан 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй, хууль бусаар газрыг эвдрэлд оруулж, талбайн дүгнэлт гаргуулж, түүнд үндэслэн бичил уурхайгаар ашиглуулж байгаа асуудал илэрсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох хуулийн дагуу шалгаж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газарт тус тус зөвлөхөөр төсөлд тусгасан байна. Мөн Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг авч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан албан тушаалтан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд ирээгүй гэрчид хүлээлгэх хариуцлагын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн Ц.Сандаг-Очир гишүүн танилцуулав.

Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Идэрбат, Б.Баттөмөр нар үг хэлж, зарим асуудлаар тодруулга хийж, Ц.Сандаг-Очир гишүүн болон Хянан шалгах түр хорооны хянан шалгагчаас хариулт авсан юм.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д “…Хянан шалгах түр хороо тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулснаар уг хороо татан буугдсанд тооцно” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хороог хороо татан буугдсанд тооцлоо. Тус Хянан шалгах түр хорооноос гаргасан саналаар санал хураалт явуулах бөгөөд үдээс хойших хуралдаанаар санал хураалтыг явуулахаар шийдвэрлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *