Ц.Бат ИНЕГ-т яригдаж байсан албан тушаалдаа очжээ
Ц.Бат ИНЕГ-т албан тушаалд очихоор болсон тухай улстөрийн хүрээнд яригдаж байсан билээ. Тэгвэл яригдаж байсан албан тушаалдаа очжээ.
Тодруулбал, тэрбээр ИНЕГ-ын НААХЗА-ны /Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба/ дарга болсон байна.
Эл суудалд ирэх тохироогоо Засгийн газар, салбар яамны түвшинд хийж, улмаар шахаж байсан билээ.
Ц.Батын тухайд, тэтгэлгийн өгөөжийг гэр бүлээрээ хүртээд авсан нэгэн. Тодруулбал, ИНЕГ-ын тэтгэлгээр өөрөө гадаадад гурван ч удаа суралцсан гэгддэг. Мөн өөрийн хоёр хүү болон нагац дүүгээ ИНЕГ-ын буюу төрийн зардлаар сургасан.
- Хүү Б.Зориг нь 2013-2016 онд АНУ, Канзасын их сургуульд Агаарын зайн инженерээр сурч төгсжээ.
- Дараагийн хүү Б.Мөрөн 2014-2018 онд АНУ-д Агаарын зайн инженерээр сурч төгсжээ.
- Нагац дүү Б.Идэр-Од нь 2006-2010 онд АНУ-ын Канзасын их сургуульд Нисэхийн инженерээр сурсан байдаг.
Хоёр хүү нь өдгөө МИАТ ТӨХК-нд ажилладаг аж.
Тэрбээр өөрөө “МИАТ” ХК-ийн Бизнес, хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан намтартай. Ингэхдээ 2014 оны үес албан ажилтай холбоотой мэдээ, мэдээллийг цахим хуудсанд зөвшөөрөлгүй нийтэлж, ноцтой зөрчлийг удаа дараа гаргаж, чөлөөлөгдөж байсан аж.