Г.Ууганбаатар: Хугацаат цэргийн алба хаагч дотоодын цэргийн штабын даргын шийдвэрээр ажиллаж яваад автомашинд дайруулсан
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч тавдугаар сарын 30-ны 21:40 цагийн үед нас барсан талаар мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос шуурхай ажлын хэсэг гарган 05 дугаар ангид ажиллаж, нөхцөл байдлыг тодруулсан байна.
Энэ талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “ХЭҮК-ын ажлын хэсэг дотоодын цэргийн 05 дугаар ангид ажилласан. Тухайн ангийн захирагч болон аж ахуйн нэгж байгууллагын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр 05 дугаар ангийн тодорхой тооны цэрэг Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэр дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан.
Энэ явцад тус аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан ажилтан хугацаат цэргийн алба хаагчийн амь насыг автомашинаар дайрч хохироосон. Энэ гэмт хэргийг Төв аймгийн Цээл сумын цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа.
Бид ангийн нөхцөл байдалтай танилцахад ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байсан. Дотоодын цэргийн штабын дарга, командлагчийн зүгээс тухайн цэргийг ажиллуулах холбогдох шийдвэрийг гаргасан.
Талийгаач цэрэгтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан цэргүүдтэй уулзаж, нөхцөл байдлыг тодруулсан. Болсон үйл явдлын талаар тал талын мэдээллээр тодруулсан. Хүний амь насыг хохирсон гэмт хэрэг учраас цагдаагийн байгууллага эцэслэнэ.
Цэргийн алба хаагчийн амь нас хохирсон асуудалд ХЭҮК шуурхай ажлын хэсэг гаргаж ажилладаг. Урьд нь 05 дугаар ангид асуудал гарч байсан.
Тухайн аж ахуйн нэгж байгууллага дотоодын цэргийн ангийн захирагчийн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж яваад амь насаа алдсан” хэмээн ярилаа.