Ц.Эрдэнэбат: Бүтээгч “Гэрэгэ системс” бүтээлээ сайжруулна уу гэхээс оюуны хулгай хийсэн “Аставишн” чадахгүй шүү дээ
Гэрэгэ киоскийн эзэмшигч Гэрэгэ Системс ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авлаа. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ХҮН-аас нэр дэвшиж байгаа юм.
Гэтэл сонгуулийн сурталчилгаа эхлэх гэж буйтай зэрэгцээд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “мэдүүлэг өг” гэж дууджээ. Учрыг нягтлахад Аставишн компанийн ( AstVision LLC) үүсгэн байгуулагч н.Энхмөнх гэгч оюуны өмчийн асуудлаар Ц.Эрдэнэбатын тухай цагдаад гомдол гаргажээ.
Гэрэгэ Системс ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Эрдэнэбат нь бидний өдөр тутмын ажлыг хөнгөвчлөөд буй төрийн үйлчилгээг цахимжуулах “Гэрэгэ киоск” буюу ТҮЦ машиныг Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг санаачлагчийн нэгэн юм
Гэрэгэ Системс ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Эрдэнэбат:
-Би 2011 онд АНУ-аас ирээд шинээр бичиг баримт авах гэж хөөцөлдтөл нааш цааш зөндөө явсан. Тэгээд “төр өөрт байгаа мэдээллээ яагаад иргэдээс нэхэх хэрэгтэй юм” хэмээн бодож, ТҮЦ машиныг бий болгох ажлыг санаачилсан. Энэ бол арваад жилийн өмнө болсон үйл явдал.
ТҮЦ машиныг зохион бүтээсэн хүн нь би. Маш олон баримтаар нотлогдоно. 2011 онд Н.Алтанхуягийг Шадар сайд байхад нь ТҮЦ машины анхны загвараа үзүүлж танилцуулж байлаа. ТҮЦ машиныг ажил болгож болно гэдгийг арай хийж төрийн удирдлагуудад ойлгуулж явсан ч тендер дээр нь луйвардуулаад алдсан. Ийм л түүхтэй. Гэтэл тэр луйвардсан Аставишн компани арван жилийн дараа, сонгуулийн цаг үед “Оюуны өмч хулгайлсан” гэж намайг шүүхэд өгөхөөр цагдаагийн байгууллагад гомдол хүргүүлжээ.
Энэ бол салбартаа хулгай хийж мэргэшсэн компани. Бүх тендерийг хууль бусаар авдаг. Авлига, хээл хахуульд живсэн. Хамгийн сүүлд ногоон автобусны тендерт хүртэл оролцсон байна лээ.
Бүтээсэн зүйлийнхээ оюуны өмчийн хулгайч гэж дуудуулаад зогсож байгаа минь энэ. Тухайн үед төрийн өндөр албан тушаалтнуудтай маргалдах сэтгэл байгаагүй учир өнгөрөөсөн. “Гэрэгэ системс” ХХК 16 жилийн өмнө бий болох ёстой байсан ч өнөөдөр л хөлөө олж байна.
Санаагаа танилцуулахдаа хоосон ороогүй. Өөрсдөө 70 сая төгрөгөөр анхны загвараа бүтээгээд бодит жишээ танилцуулсан. Тухайн үеийн ханшаар 70 сая төгрөг их мөнгө байсан. Ойр тойрноосоо зээлж босгосон. Ингээд луйвардуулж төслөө алдсан бид өр ширнээсээ гар чадахгүй хэдэн жил мөлхсөн.
Аставишн компани тендер авсан ч ямар ч сайжруулалт хийгээгүй хаясан. Бүтээгч бүтээлээ сайжруулна уу гэхээс хулгай хийж чадахгүй. Ингээд таван жил доош татагдсан бид 2017 онд “Гэрэгэ системс” ХХК-ийг байгуулсан. Өнөөдрийн байдлаар “Гэрэгэ киоск”-ийн арван загвар машин хэрэглээнд нэвтрээд амжилттай явж байна. Сүүлийн шинэ загварын 250 машиныг нийлүүлэхээр ажиллаж байна.
Би ТҮЦ машины бүтээгч гэдгээ арван жил цахим орчин, хэвлэл мэдээллээр нүүр бардам илэрхийлсээр ирсэн. Энэ хугацаанд Аставишн компаниас нэг ч гомдол гаргаагүй, дуугуй байсан хэр нь өнөөдөр намайг хулгайч гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Энэ бол зүгээр л сонгуулийн шинж чанартай хэрэг” гэлээ.
2014 онд Төрийн үйлчилгээг цахимжуулах 12 тэрбумын тендер зарлаж байжээ. Уг санхүүжилтээр нийт 500 гаруй ТҮЦ машиныг Монгол даяар нийлүүлэх тооцоолол байсан гэж салбарын хүмүүс онцолж байна. Гэтэл 12 тэрбумын тендерийг авсан Аставишн компани (AstVision LLC) тухайн үед 50-хан ширхэг төхөөрөмж нийлүүлж байсан гэлээ.