“Японы Ерөнхий сайд Ф.Кишида ирэх наймдугаар сард Монгол Улсад айлчлахаар болсон” гэж тус улсын хэвлэлүүд мэдээллээ

0

Японы ерөнхий сайд Фумио Кишида ирэх наймдугаар сард Монголд айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ. Энэхүү айлчлал нь 2016 онд Ерөнхий сайд асан Шинзо Абэгээс хойш найман жил дараах Японы ерөнхий сайдын айлчлал болох юм.

Японы “ANN” телевиз зургаадугаар сарын 5-ны өдөр мэдээлснээр, Ерөнхий сайд Фумио Кишида нь Япон, Хойд Солонгосын хоорондын яриа хэлэлцээг урагшлуулахын тулд Хойд Солонгостой уламжлалт найрсаг харилцаагаа одоог хүртэл хадгалж буй Монгол Улстай хамтран ажиллах хүсэлт тавихаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэн байна. Тэрбээр наймдугаар сард Төв Азийн таван оронтой анхны дээд хэмжээний уулзалтыг Казахстанд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнийхээ дараагаар Монголд айлчлахаар төлөвлөсөн аж.

Мөн Ерөнхий сайд Фумио Кишида Хойд Солонгост барьцаалагдсан Япон хүмүүсийг эх оронд нь буцаан аваачихын тулд Монгол Улсаар дамжуулан хэлэлцээр хийх асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсэхээр төлөвлөж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Сонирхуулахад, 2012 онд Улаанбаатар хотноо Хойд Солонгос, Япон улсын удирдагчид дээд түвшний зөвлөлдөх уулзалт хийж байсан. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед буюу 2014 онд Хойд Солонгост барьцаалагдсан Япон иргэн Мегуми Ёкотагийн эцгийг охинтой нь Улаанбаатарт уулзуулж байжээ. Түүнчлэн Ерөнхий сайд Кишида БНАСАУ-д хийх айлчлал болон Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Чен Унтай хийх дээд хэмжээний уулзалтын талаар Монгол Улсаас хамтран ажиллах хүсэлт гаргах төлөвтэй байгаа гэв.

Эх сурвалж: Японы ANN телевиз

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *