М.Нарантуяа: С.Зоригийн хөшөөтэй газрыг нэг тэрбумаар худалдан авах санал тавьж байна
Дуучин Нара буюу М.Нарантуяа ИЗНН-ын дэд дарга болж, тус намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэн, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй. Тус намаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, Шинэ дэвшил холбоонд санал хүргүүлж байгаагаа мэдэгдэв.
Энэ үеэр С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хөндөв. Тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй дуучин НАРА буюу М.Нарантуяа “С.Зориг агсны хөшөөг хадгалж үлдэх нь Монголын ард түмний хүсэл зориг мөн. “Шинэ дэвшилт холбоо” нь Ардчилсан намын байр буюу С.Зориг агсны хөшөө байрладаг газрыг эзэмшдэг.
Гэвч зориулалтыг нь өөрчилж хөшөөг нураан, барилга барих тухай мэдээлэл гарсан. Иймд “Шинэ дэвшилт холбоо”-ноос Ардчилсан намын тус байрыг газартай нь 1 тэрбум төгрөгөөр худалдаж авах санал тавьж байна.
Хэрэв энэ саналыг хүлээж авахгүй бол Хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлнэ” гэв.