СЕХ: Ч.Хүрэлбаатар сайд сонгогчдод мөнгө тараасан хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байна
СЕХ-ны гадна Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх гомдлын дагуу иргэдийн гарын үсэг цуглуулж, эсэргүүцлээ илэрхийлж байна.
АН-ын ҮБХ-ны гишүүн И.Мөнхжаргал:
–УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 48 цаг үлджээ. Гэтэл Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар олон мянган хүний саналыг худалдаж авахаар 100 мянган төгрөг тараасан. Ийм хүнтэй шинэ залуу хүчин өрсөлдөх гэж байна. Энэ шударга сонгууль биш. Мөнгө тараасан явдлыг шударга залуус гэрчилж, цагдаагийн байгууллага шалгаж байна.
Бид Ч.Хүрэлбаатар сайдыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байх хүсэлтийг СЕХ-нд хүргүүлсэн ч тодорхой шийдэлд хүрсэнгүй. Тиймээс АН-ын 100 мянган гишүүний гарын үсэгтэй хүсэлтийг СЕХ-нд хүргүүлж байна. Оюутан, залуус авсан мөнгөө цагдаагийн байгууллагад өгч, хэрэгт мэдүүлэг өгч байгаа. Хууль зөрчсөн сайдад хариуцлага тооцож чадахгүй бол шударга сонгууль болон гэдэгт итгэлгүй байна гэв.
Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир:
-Сонгуулийн хуулийн дагуу СЕХ-ны Нарийн бичгийн даргын эрх үүргийн хүрээнд хуралдаанд танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргаж мэдээлэх болно. Ч.Хүрэлбаатар нэр дэвшигчийн хувьд мөнгө тараасан асуудлаараа Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. ЦЕГ-ын дарга Т.Сүхболд СЕХ-ны гишүүн. Тийм учраас хуралдаанд нөхцөл байдлыг танилцуулснаар бид дараагийн арга хэмжээг авна гэлээ.