Монполимет группийн дансыг хааснаар 1300 орчим ажилтан цалингаа авч чадахгүй байна
Монполимет группийн ажилтнуудын төлөөлөл нийслэлийн Прокурорын газарт шаардлага хүргүүлж байна.
Ц.Гарамжавыг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэд хэдэн заалтыг зөрчлөө. Хөгжлийн банкнаас зээл авч, амжилттай хэрэгжээд дууссан төсөлтэй холбогдуулан баривчилгааг хэрэгжүүлсэн. Тосон үйлдвэрийг үйл ажиллагааг хязгаарлахдаа мөн хууль зөрчсөн.
Нийт зургаан компанийн харилцах дансыг хаагаад 7 хонолоо. Эдгээр компанийн ажилчид цалингаа авч чадахгүйд хүрлээ. Эдгээр компанийг Эрүүгийн хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа огт явуулаагүй. Тэгсэн атлаа үйлдвэрийг лацадсан нь хууль зөрчлөө. Гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгах зорилгоор аливаа компанийг битүүмжилдэг. Гэтэл одоо ямар хохирлыг хаах гээд байгаа нь маш тодорхойгүй байна.
Ямар нэг аюул занал байхгүй байна. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн. Авсан зээлээ мөнгө угаахад зарцуулсан байж болзошгүй гэсэн ч мөрдөн шалгалт явуулаагүй байна. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгон, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох ёстой. Компанийн ажлыг хэвийн явуулах ямар ч боломжгүй боллоо.
Одоогоор Монполимет группийн Тосон үйлдвэрийн 300 гаруй ажилтан сул зогсож, үйлдвэрийн үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон байна. Бусад компаниудын хувьд харилцах данснууд хаагдсанаас болж ажилчдын цалин тасалдах, зээл төлөлтүүд нь хойшлох, хугацаа хэтрэх зэрэг ахуй амьдралд нь хүндрэлтэй асуудлууд гарч байгааг учирлав. Мөн харилцагч 300 гаруй байгууллагуудтай харилцаж, хамтран ажиллахад бэрхшээл үүсч, төлөвлөсөн ажлууд хойшилж байгааг мэдэгдлээ.