СЕХ: УИХ-ын 2024 оны сонгуульд 1336 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэв
Сонгуулийн тухай хуульд зааснаар зургаадугаар сарын 10-ны өдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн 1336 хүнийг нийтэд мэдээлнэ
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хэлэлцээд 1336 нэр дэвшигчийг бүртгэснээ мэдээллээ. Хуульд заасны дагуу нэр дэвшигчдийг зургаадугаар сарын 10-ны өдөр олон нийтэд мэдээлэхээр байна.
Сонгуулийн ерөнхий хорооны тавдугаар сарын 30-ны хуралдаанаар нийт 1399 хүний баримт материалыг нягтлан шалгаж, нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу зэрэг үндэслэлээр 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм. Үүнээс хойш 104 хүн баримт бичгээ дахин ирүүлснээс нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гарсан ч нэмэлт баримт бичиг ирүүлсэн хоёр иргэний асуудлыг хэлэлцээгүй байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлөө арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болох зохицуулалттай. Энэ дагуу 16 нам, хоёр эвслээс 99 нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч гурав, нийт 102 хүн зөрчил арилгасан материалаа ирүүлжээ. Үүнээс 92 хүний баримт материал шаардлага хангаснаар нийт 1336 хүнийг бүртгэхээр болсон байна.
Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу 10 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахаар шийдвэрлэжээ. Тухайлбал: баримт бичиг дутуу гурав, татварын өртэй гурав, өөр намын гишүүнчлэлтэй гурав, Төрийн жинхэнэ албан хаагч албан тушаалаас чөлөөлөгдөөгүй нэг хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Түүнчлэн иргэний гомдлын дагуу нягтлан шалгахад нэг нэр дэвшигч өөр намын гишүүнчлэлтэй нь тогтоогдсон тул Сонгуулийн тухай хуулийн заалтыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Сонгуулийн ерөнхий хорооны бүртгэлээс харахад Монгол ардын нам 126, Ардчилсан нам 126, Үндэсний эвсэл 66, Иргэний зориг ногоон нам 71, Шинэ нэгдсэн эвсэл 90, ХҮН нам 122, Иргэний хөдөлгөөний намын 124 хүнийг нэр дэвшигчээр бүртгэжээ. Харин бие даан нэр дэвших 42 хүнийг эцсийн байдлаар бүртгэсэн байна.