Баяншувуу: Үйлдвэрээ сэргээн засварлаж, 2026 он гэхэд дотоодын өндөгний хэрэгцээг бүрэн хангахын төлөө ажиллана
“Баян” өндөгний үйлдвэрт өнгөрсөн мягмар гарагт гал гарч, үйлдвэрийн баазын гол байрууд гал түймэрт өртсөн харамсалтай үйл явдал болсон. Улсынхаа өндөгний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах эрхэм зорилготой ажилладаг “Баян шувуу” ХХК-ийн хамт олны хувьд арван жил тасралтгүй хөдөлмөрлөж бүтээсэн үйлдвэрийнх нь гуравны нэг галд өртжээ. Мэдээж, үйлдвэрийн удирдлагууд, ажилчдын сэтгэл зүй хүндхэн байгаа ч хэрэглэгчид, хамтран ажилладаг байгууллага, ард түмний урам, дэмээр үйлдвэрээ сэргээн босгох ажилдаа ханцуй шамлан орсон байна.Манай сайт үүссэн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл бэлтгэхээр “Баян” өндөгний үйлдвэртэй холбогдон, гал түймэрт өртсөн үйлдвэрийн газраас сурвалжлага бэлтгэлээ. “Баян шувуу” ХХК-ийн дэд захирал Б.Жавхлант-Од, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга А.Отгонтуяа нартай уулзаж, үүссэн нөхцөл байдлыг тодруулав.“Баян” өндөгний үйлдвэр нь 2013 онд ашиглалтад орсон бөгөөд 1.2 сая шувуутай, Монгол Улсын өндөгний хэрэглээний 50 орчим хувийг хангадаг өргөн цар хүрээтэй үйлдвэр юм.“Баян шувуу” ХХК-ийн дэд захирал Б.Жавхлант-Одын хэлснээр, зургаадугаар сарын 4-ний өдөр гарсан томоохон хэмжээний гал түймэрт “Баян” өндөгний үйлдвэрийн найман байрны гурав нь өртөж, нийт үйл ажиллагааны 40 орчим хувь нь доголдоод байгаа аж. Гал гарсны дараа Баянчандмань сумын болон Сонгинохайрхан дүүргийн гал сөнөөгчид түргэн шуурхай ирж, галыг цурманд оруулан нэг бүрчлэн унтраасан байна. Хэрвээ цаг алдсан бол үйлдвэр бүхэлдээ галд өртөх бодит эрсдэлтэй байжээ. Мөн галын анги ирэхээс өмнө үйлдвэрийн дарга улаан гал руу дайран орж, бусад байрууд руу гал гарахаас сэргийлэх арга хэмжээг авсан байна.
Үйлдвэрийн дарга үйлдвэрээ аврахаар улаан гал руу оржээ
Тодруулбал, “Баян” өндөгний үйлдвэрийн байрууд хоорондоо өндөг татдаг хоолойгоор холбогдсон ба гал түүгээр дамжин нөгөө байрууддаа хурдтай тархсан байна. Улмаар тус үйлдвэрийн дарга ковшоор шатсан байртай холбосон хоолойг дайран тасалсны ачаар таван байр нь галд автаагүй үлджээ. Хэрэв түүнийг ийм зоригтой үйлдэл хийж, үйлдвэрээ авраагүй бол гал сөнөөгчид ирэхээс өмнө хэдэн ч байр нэмж шатах байсныг таашгүй. Үйлдвэрийн даргын энэхүү баатарлаг үйлсэд үйлдвэрийн хамт олон гүн талархал илэрхийлж байв.
Галын нийт хохирол 40 тэрбум давж магадгүй
Биднийг очиход нурж унасан үйлдвэрийн балгасууд, галд өртсөн бүрэн автомат төхөөрөмжүүд, гэмтсэн тахианууд зэрэг нүд халтирам дүр зураг угтав. Гурван том байр ашиглах боломжгүй орхигдож, тэр дундаас савлах цехийн байрны оронд хэдхэн шатсан төмөр үлдсэн байлаа. Гэвч галд автсан байрнуудын цаана иргэд, харилцагчдынхаа хэрэглээг тасалдуулахгүйн тулд үйлдвэрийн ажилчид хөдөлмөрлөсөөр байсныг дурдах нь зүйтэй.Одоогоор гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлт гараагүй байгаа ч үйлдвэр дотор ямар нэг тэсэрч дэлбэрэх бодис байгаагүй учир тог цахилгааны гэмтлээс үүдсэн байх магадлалтайг удирдлагууд хэлж байв. Мөн нийт хохирлын хэмжээ тодорхой бус байгаа ч урьдчилсан байдлаар 40 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан гэж тус компанийн дэд захирал Б.Жавхлант-Од хэлсэн.Улаанбаатар хотод өндөг ашиглаж үйлдвэрлэл явуулдаг 4000 орчим байгууллагын тал хувь нь тус компанийн байнгын харилцагч юм. Түүнчлэн, тус үйлдвэр иргэдийн өдөр тутмын өндөгний хэрэглээний тэн хагасыг дангаараа хангадаг. Ийм өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг тул “Баян” өндөгний үйлдвэрийн хамт олон бүтээгдэхүүн нийлүүлэлтээ тасалдуулахгүйн тулд үйлдвэрийнхээ 60 орчим хувиар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна.Мөн тус байгууллагын Захиргаа, хүний нөөцийн албаны дарга А.Отгонтуяагийн мэдээлснээр галд өртсөн болон өртөөгүй үйлдвэрүүдэд мэргэжлийн байгууллагууд дотоод хяналт шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа учир бүтээгдэхүүний чанарт ямар нэг өөрчлөлт орохгүй гэв. Мөн ажилчдын ажиллах цагийг хэвэнд нь байлгахыг хичээж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сунгаж ажиллахаа мэдэгдэв.
Галд өртсөн гурван байгууламжийн нэг болох савлах цехийн үйл ажиллагаа тасалдсан учир байгууллагын зүгээс хамгийн түрүүнд савлах цехээ дахин байгуулахыг зорьж байна. Түүнчлэн өндөгнийхөө үйлдвэрийн үнийг нэмэхгүй, ямар ч ажилтнаа ажлаас нь чөлөөлөхгүй гэдгээ илэрхийлэв.”Баян”-ийн хамт олон 2026 он гэхэд өндөгний хэрэглээг 100 хувь дотооддоо нийлүүлдэг болох том зорилго тавьсан тул үүссэн асуудлыг нэг жилийн дотор засаж, шинэчилж хэвийн горимдоо орохоор ажиллаж байна.Үүний сацуу “Түмэн шувуут” ХХК, “Жүр Үр” ХХК тэргүүтэй байгууллагууд, мөн урмын үг, санхүүгээр дэмжиж буй Монголчууддаа талархсан сэтгэлээ илэрхийллээ. Тус байгууллагын зүгээс цаашид Shoppy-той хамтран бүтээгдэхүүний урьдчилсан захиалга хийж, худалдан авах нөхцөлийг бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.Хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гамшиг “Баян” өндөгний үйлдвэрийг нөмөрсөн ч тус хамт олон, хөдөлмөрч ажилчид Монголын ард иргэдийнхээ халуун сэтгэлийн ачаар цаашид итгэлийг нь алдахгүй ажиллахаар зорьж байна. Түүнчлэн хэрэглээний өндгөө импортоор авахгүйгээр дотооддоо үйлдвэрлэж, нийлүүлэх өрнүүн их үйлс нь үргэлжилсээр байна. Манай сайтын зүгээс ч Баян өндөгний үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн болтол дэмжиж, мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллах болно.
Эх сурвалж: itoim.mn