Дотоодын барааны үнийн өсөлт инфляцийг хөөрөгдөв
Инфляци энэ оны тавдугаар сард 5.7 хувьтай гарлаа. Тодруулбал, инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны тавдугаар сард 11.3 хувь гарсан бол 2024 оны тавдугаар сард 5.7 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.6 нэгж хувиар буурсан байна.
Улсын инфляцид бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 35.2 хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 55.1% хувиар тус тус нөлөөлжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ багтдаг. Эдгээр бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн бөгөөд дотоодын бараа бүтээгдэхүүн бусад хувийг эзэлнэ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны тавдугаар сард улсын хэмжээнд 5.7 хувь гарсны 34.7 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Тодруулбал,
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь
- Согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.5 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.8 хувь
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь
- Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.