Казахстанд хар тамхины төрлийн бодис худалдаалж байсан 36 настай монгол иргэнийг үйлдэл дээр нь баривчилжээ
Казахстаны нийслэл Астана хотын нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан Монгол иргэнийг саатуулсан талаар тус улсын Zakon.kz хэвлэл энэ сарын 7-ны өдөр мэдээллээ.
Тодруулбал, Астана хотын цагдаагийн алба хаагчид “гашиш” буюу хар тамхины төрлийн бодисыг худалдан борлуулах гэж байсан монгол иргэнийг үйлдэл дээр нь баривчилжээ. “Гашиш” гэдэг нь Евроазийн өргөн уудам тал нутаг тэр дундаа Монголд элбэг ургадаг нэг төрлийн зэрлэг ургамал бөгөөд түүнийг нь нунтаглаж “гашиш” буюу марихуан гарган авдаг байна. Уг ургамлыг Монголын газар нутгаас түүж, Казахстан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэж байгаа аж. Казахстан улсын цагдаагийн газрын мэдээлснээр, “Астана хотын … тоот байрны хашаанд 36 настай монгол иргэн “гашиш” зарах гэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, саатуулагдсан” гэжээ.
Түүнчлэн цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааны явцад тухайн иргэний оймсноос нэг ширхэг саарал ногоон өнгийн бодис илрүүлсэн бөгөөд түрийвчнээс нь үүнтэй төстэй таван ширхэг бодисыг хураан авч, “хууль бусаар бодис олж авсан, хадгалж, зөөвөрлөж, борлуулсан” гэх үндэслэлээр хэрэг нээн шалгаж байгаа аж.
Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард тус улсын өмнөд бүс нутгаас илрүүлсэн хар тамхины худалдаачдад “гашиш” нийлүүлдэг байсан нь тогтоогдсон иргэнийг монгол иргэний хамт баривчилсан байна. Сонирхуулахад, Бүгд Найрамдах Казахстан улсын Санхүүгийн хяналтын агентлаг, Алматы хотын Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран Казахстан улсын хилээр онц их хэмжээний хар тамхийг хууль бусаар нэвтрүүлсэн бүлэг этгээдүүдийг илрүүлж, таслан зогсоосон талаар Zakon.kz мэдээлэв. Энэ оны зургаадугаар сарын 6-ны өдрийн мэдээллээс үзэхэд, Алматы, Астана, Уральск хотод явуулсан шуурхай ажиллагааны явцад хар тамхи, мансууруулах бодисыг гадаадаас хүлээн авч, улмаар тус улсад худалдсан этгээдүүдийг илрүүлж, саатуулсан бөгөөд 60 гр орчим гашишийн тос, 700 гр марихуан хураан авсан байна.
Мөн Алматы хотод ургамлын гаралтай бодис ургуулах лабораторийг илрүүлсэн гэх мэдээлэл байгаа аж. Эдгээр гэмт бүлэглэлтэй хамсаатан гэх иргэнийг монгол иргэнтэй хамт явж байхад нь саатуулсан талаар Казахстаны Zakon.kz мэдээллээ.
Эх сурвалж: isee.mn