АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН 8 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

0

Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд 257 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 107, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 40, Авлига, албан тушаалын 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга М.О нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ял эдэлж буй иргэний нэр дээр зээл гаргуулах талаар хамаарал бүхий хүмүүст нь санал тавьж, “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгийн зардлаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэн өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Сүхбаатар аймгийн прокурорын газраас сумын Засаг даргын орлогч, үнэлгээний хорооны дарга Б.А нь соёлын төвийн тохижилт, тайз засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шаардлага хангаагүй “Х” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж давуу байдал бий болгосон, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын сум хариуцсан газрын даамал Б.К нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн Ч.С газрын төлбөрөө төлөөгүй, 2016 оноос 2023 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд ашиглаагүй  гэдгийг мэдсээр байж газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгуулах ажлыг зориуд хэрэгжүүлэхгүйгээр давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Дундговь аймгийн прокурорын газраас сумын засаг дарга Э.А, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн албан тушаалтан Н.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар ухагдаж эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх ажлыг тусгай зөвшөөрөлгүй “Т” ХХК-иар хийлгэхээр гэрээ байгуулж, талбайд ашиглалт явуулах давуу байдал бий болгосны улмаас тус компани нь нөхөн сэргээлт хийх талбайд байсан овоолго шорооноос олборлолт явуулж, байгаль экологид 32.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас иргэн Д.Т нь хууль бусаар мод тээвэрлэсэн үйлдлээ өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтанд хахууль өгөхийг санал болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд,

Баянхонгор аймгийн прокурорын газраас иргэн Х.Д нь ховор амьтны жагсаалтад багтсан “Хар сүүлт”-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, түүхий эдийг нь хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Төв аймгийн прокурорын газраас иргэн С.Б, Б.С нар нь ашиг олох зорилгоор 2023 оны 6-аас 11 сар хүртэлх хугацаанд нэр бүхий домайн хаяг ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 8 сая төгрөгийн орлого олсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *