Ц.Чинбат: Х.Баттулгаар дамжуулан Кремлийн бодлого манайд хэрэгжиж байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй
Эгийн голын эрчим хүчний төслийг нураахаар Ардчилсан Нам (АН)-аас Х.Баттулга Хөвсгөл, Булган, Орхон аймагт нэр дэвшиж байгаа талаар тус намын Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ)-ны гишүүн, намын жагсаалтаар нэр дэвшиж буй Ц.Чинбат өнөөдөр “Үндэсний Мэдээллийн Төв”-д хэвлэлийн хурал хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол ганхаж буй энэ цаг үед эрх чөлөөг бэхжүүлэхийн тулд АН-ыг сонгохоос өөр аргагүй байна. Гэвч хонины арьс нөмөрсөн чоно гэдэг шиг эсрэг бодолтой хүмүүс манай намд бий.
Саяхан Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Монголд ирэх үедээ танай улс ардчилсан замаар явж яах юм бэ, та нар дарангуйллын замаар яв гэсэн утга агуулгатай зүйл ярьсныг бүгд харсан.
Миний бие АН-ын эв нэгдлийг хангаж, чимээгүй байхыг хүссэн боловч Х.Баттулга тэргүүтэй урвагч нарыг илчлэх хэрэгтэйг, хэдийгээр би өөрөө нэр дэвшигч ч гэлээ энэ талаар дуугүй байж чадахгүй нь гэдгээ мэдэрч байна.
Х.Баттулга бол Кремлийн даалгавраар Монголын Ардчиллыг устгахаар санаархаж буй нэгэн. Тэр бол Л.Оюун-Эрдэнийн хамсаатан. Магадгүй энэ хүн сонгуульд ялбал Эгийн голын эрчим хүчний төсөл төдийгүй манай улсад хэрэгжих ёстой төслүүд бүгд зогсоно.
Бид Беларусь шиг амьдрах хувь тавилан руу явж байна. Тийм учраас би хэдийгээр АН-аас нэр дэвшиж байгаа ч гэсэн үүнийг хэлэхгүй бол болохгүй нь.
Би та нарт гурван нотлох баримт дэлгэе. Х.Баттулга 2019 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамптай уулзсан. Түүнтэй уулзах үедээ “Сибирьд түймэр гарсан тул В.Путинтэй ярих хэрэгтэй” гэж хэлсэн удаатай. Монголчуудад тулгамдсан асуудал их бий атал Сибирийн түймэр ярьсан нь ямар даалгавартай хүн бэ гэдгийг нь харуулж буй хэрэг.
Дараа нь цар тахлын үеэр 30,000 хонь БНХАУ-д өгсөн. Тухайн үед бид юу гэж харж байсан бэ гэвэл нүүрсний экспортыг нэмэх байх гэж найдсан. Харамсалтай нь Х.Баттулга Төвдөд Далай ламыг аваачих тухай ярьсан байдаг.
Хамгийн ноцтой нь танк орж ирнэ гэж айлгасаар төмөр замын төслийг хойшлуулсан. Үүнээс болж 16 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэдгийг тухайн үед Хууль, зүй дотоод хэргийн сайд байсан Х.Нямбаатар ярьсан юм.
Өнөөдөр тэр төмөр замаар нь ганц ч кг нүүрс урд хөрш рүү гараагүй. Энэ хүн “Голомт”-ын Д.Баясгалантай нийлээд мухар төмөр зам тавьж, 10 гаруй их наяд төгрөг дундаас нь завшсан. Энэ талаар нүүрсний сонсгол дээр дэлгэрэнгүй ярьсан. Ийм маягаар монголчуудыг хорлон сүйтгэдэг этгээд.
2008 оны сонгуулийн дараа АН-ын ҮБХ Засагт орохгүй гэдэг шийдвэр гаргасан юм. Тэр үед намын даргын үүрэг гүйцэтгэж байсан Н.Алтанхуяг, “Монголын Ардчилсан Холбоо”-ны тэргүүн Х.Баттулга нар Монголын Ардын Нам (МАН)-ын дарга С.Баярт хадаг барьж очсон байдаг. Энэ үедээ Х.Баттулга ганцхан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд болохоор тохироо хийсэн.
Өнөөдөр манай улс өдөрт 10 цуваа ачаа тээвэр гаргадаг. Үүний гурав нь Монголынх, гурав нь ОХУ-ынх. Дахиад транзит тээвэр буюу мөн л Оросын гурван цуваа Монголоор дайрч явдаг. Энэ цуваа манай нутгаар өнгөрөхдөө 70 хувийн хөнгөлөлттэй үнээр зорчдог. Үүнийг хийсэн хүн нь Х.Баттулга. Түүнийг төлөөлж гарын үсэг зурсан хүн нь “Шилэн Цогоо” нэрээрээ олонд танигдсан Б.Цогтгэрэл юм. Ийм маягаар үргэлжилж буй Кремлийн бодлогыг бид таслан зогсоох ёстой” гэж ярилаа.