Nikkei Asia: Монгол Улс никель, лити гэх гэт газрын ховор элементийн эрлээ нэмэгдүүлнэ

0

Японы “Nikkei Asia” агентлаг “Монгол Улс никель, лити гэх гэт газрын ховор элементийн эрлээ нэмэгдүүллнэ” гэх гарчигтай нийтлэл оруулжээ. Тус бичвэрийг орчуулж хүргэе.


Монгол Улс никель, лити гэх мэт газрын ховор металл зэрэг чухал ашигт малтмалын шинэ ордын хайгуулын ажлаа өргөжүүлэхээр зорьж байгаа гэж УИХ-ын дарга Г.Занданшатар “Nikkei Asia” агентлагт ярилцлага өгөх үедээ хэллээ.

Компаниуд эрсдлийг бууруулахын тулд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхийг зорьж байгаа. Энэ тренд нь чухал металлын шинэ ордуудыг илрүүлэх хайгуул явуулахад түлхэц болж өгч байна гэж Г.Занданшатар хэлэв. Тэрбээр “Nikkei”-ийн “Азийн Ирээдүй” чуулганы үеэр үг ийн хэлсэн юм.

Г.Занданшатар “Бидэнд хайгуул явуулаагүй өчнөөн газар бий. Ирээдүйд никель болон бусад ашигт малтмалын том орд олдоно гэж найдаж байгаа” хэмээв.

Монгол Улс байгалийн баялгийн нөөц бололцоогоос нь хүртэх эрмэлзэлтэй улс орнуудтай хамтын ажиллагаа явуулж ирсэн.

Тус улсын Уул уурхайн яам АНУ-ын Төрийн департаменттай эрдэс баялгийн салбарын хөгжил, засаглалын чиглэлээр 2023 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Мөн Монгол Улс БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн. Газрын ховор металл гэж цахилгаан машин болон бусад өндөр технологийн бүтээгдэхүүнд шаардлагатай материал зэрэг 17 элементийг хамруулж хэлсэн нэр томьёо.

Г.Занданшатар “Бид гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрахын тулд уул уурхайн салбарт ажиллаж сурч байгаа” хэмээв.

Тэрбээр Говь цөлд Рио Тинто компанитай хамтран хэрэгжүүлж буй Оюу толгойн зэс, алт олборлох төсөл нь “шилдэг туршлагыг орон нутгийн оролцоо болон байгаль орчны хариуцлагатай хослуулан хэрэгжүүлэх” жишиг болж байгааг дурдсан юм.

Мөн “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийг урагшлуулахын зэрэгцээ улсын баялгаас нийт иргэд ашиг хүртэхийг зорьж байгаагаа онцоллоо.

“Бид Оюу Толгой зэрэг олон том хэмжээний уул уурхайн төслүүдтэй. Эдгээр мега төслүүдэд хамтран ажиллах стратегийн хөрөнгө оруулагчдыг татахыг хүсэж байна” гэж Занданшатар хэлэв. Тэр “Хөрөнгө оруулагчдад таатай, тогтвортой бизнесийн орчин бүрдүүлэхийн төлөө бид хамгийн сайнаараа ажиллах болно” хэмээлээ.

Өнгөрсөн сард болсон Азийн Ирээдүй форум дээр тэрбээр авлигатай тэмцэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлтыг онцолсон юм.

Уул уурхай бол Монголын эдийн засгийн тулгуур багана. Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр нь 2024 оны эхний дөрвөн сард тус улсын экспортын 88 хувийг бүрдүүлжээ. Тээврийн зардлыг бууруулж, гадаад борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол томоохон уурхайнуудтай холбогдох төмөр замуудыг барьж байгаа.

Монголын уул уурхайн салбар нь БНХАУ-тай ойрхон оршдогоороо давуу талтай. АНУ, БНХАУ хоёрын дунд үүсээд буй хурцадмал байдлын үед Монгол Улсын энэ хоёр их гүрэнтэй түншлэх нь “бидэнд эдгээр завшааныг ашиглах өргөн боломжийг бүрдүүлэх болно” гэж Г.Занданшатар хэллээ.

БНХАУ, ОХУ-тай хамтран Евразийн бүс нутгийг гурван улстай нэгтгэх эдийн засгийн коридор байгуулах ажилд Монгол Улс оролцож буй.

“Хоёр их гүрний хамтын ажиллагаа, хүндэтгэл, итгэлцэл, харилцан ойлголцол нь бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн ирээдүйн хөгжил, энх тайвны чухал хүчин зүйл” гэж Занданшатар хэллээ.

Эх сурвалж: Nikkei Asia

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *