Тяньжинд гацсан чингэлгүүд, сонгууль хөөсөн сайдууд!

0

БНХАУ-ын Тяньжин боомтод 10 мянга гаруй чингэлэг бөөгнөрөөд байгаа ч эрх баригчид юу ч хийсэнгүй, сонгуульдаа орцгоов. Боомтын асуудал эрхэлсэн сайд Б.Тулгын тайлбараар бол 2024 он гарсан үеэс чингэлэг таталт буурсаар зургадугаар сар эхлэхэд хоёр өдөрт нэг л галт тэргээр чингэлэг татдаг болжээ. Үүнээс болж, Тяньжин боомтод 10,400 чингэлэг хэзээ ачигдах нь тодорхойгүй бөөгнөрсөн байна. Боомт хооронд харилцаад шийдэгдээгүй. Иймээс дээрх асуудлаар яаралтай арга хэмжээ авах шаардлага байна гэдгээ Гадаад харилцааны яамаар дамжуулж, Бээжин дэх Монголын Элчин сайдын яамаар дамжуулан тавьсан ч Хятадын талаас тодорхой хариу өгөөгүй аж.

Бүтээн байгуулалтын улирал эхэлсэн, ажил ид яралзаж байх цагаар Тяньжины боомт дээр Монголын 10 мянга гаруй чингэлэг гацна гэдэг байж боломгүй асуудал. Улс орноо боддог улс төрийн хүчинд бол асуудал хариуцсан сайд нарт нь сонгуульдах эрх ч байх ёсгүй.

Гэвч Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг говийн бүсэд, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нар баруун бүсэд, Сангийн сайд Б.Жавхлан, Боомтын асуудал эрхэлсэн сайд Б.Тулга нар төвийн бүсэд сонгуульдаад Тяньжинд чингэлэг гацсаныг ч мартав.

Одоо компаниуд гацсан чингэлгүүдээ татан авч ажлаа үргэлжлүүлэхийн тулд авто тээвэрт найдахаас өөр гарц үлдсэнгүй. Авто тээврээр ачаа тээвэрлэнэ гэдэг үнэ өртөг өснө л гэсэн үг. Цар тахалтай нүүр тулах үеэр ачаа тээврийн үнэ хаданд гарсан шиг нөхцөл байдалд хүрэхийг ч үгүйсгэхгүй. Хэрвээ чингэлэгт түргэн муудах хүнс тэжээл байгаа бол асуудал улам ноцтой. Хувийн хэвшлүүд маш их хэмжээний алдагдал хүлээх эрсдэлтэй нүүр тулна гэсэн үг. Учир нь, дээрх гацаанаас болж, Тяньжин боомтоос Монгол Улс руу орж ирж байгаа чингэлгүүд дор хаяж 80-90 хоног хүлээгдэх нөхцөл үүсчээ. Хамгийн багадаа хоёр сар дээд тал нь гурван сар хүлээх болж байна гэсэн үг.

Тяньжин боомт нь Монгол Улсын хувьд гуравдагч орнуудаас бараа бүтээгдэхүүн импортолдог хамгийн чухал боомт юм. Монгол Улс руу жилдээ 75 мянган чингэлэг тээвэрлэгддэг бөгөөд гуравдагч орнууд руу хийдэг худалдааны 90 хувийг эзэлдэг байна. Харин Монгол Улс руу тээвэрлэгдэж буй ачаа барааны 80 гаруй хувь нь Бохай тэнгисийн эрэг Тяньжин боомтоос тээвэрлэгддэг. Тяньжин боомт нь ачаа эргэлтийн хэмжээгээрээ дэлхийд наймд эрэмбэлэгддэг. Уг боомт нь үндсэн найман хэсгээс бүрдэх бөгөөд терминал, гаалийн баталгаат бүс, аялал жуулчлалын бүсийг нэгтгэсэн эко бүс нь Дунзян боомт юм.

Цар тахал нөлөөлсөн үү, цаанаа асуудал байсан уу нэг хэсэг Тяньжин боомтод Монголын чингэлгүүд 50-60 хоног саатдаг, 500-1000 ам.долларын нэмэлт төлбөр, шан харамж төлсөн тохиолдолд хурдан ачигддаг байв. Тяньжин боомтын үйлчилгээний хураамж 100 ам.доллар байхад Монголын компаниуд 300 ам.доллар төлдөг, Тяньжинаас Эрээн хүртэл төмөр замаар чингэлгийн тээврийн тариф 5500 юань байхад импортлогчид 2000 ам.доллар төлж байгаа асуудал босч, дуулиан тарьж байв.

Үүнээс болж, импортын барааны үнэ өртөг өсөх, хангамжид ч нөлөөлсөн. Эл асуудлыг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн жил урд хөршид айлчлах үеэрээ тавьснаар шийдэгдэж байв.

Харамсалтай нь, жил ч бололгүй дахин чингэлэг гацсан асуудал үүссэн ч бүтэн зургаан сар болоход Засгийн газар гацааг арилгаж чадсангүй. Ийм байхад Боомтын сэргэлт гэж PR-дан сүржигнэх нь бодит амьдралтай нийцэхгүй байна.

Монгол Улсын далайд гарах ганц гарц нь Тяньжины боомт. Уг боомтоор дамжуулж Монгол Улс нүүрс, төмрийн хүдэр болон зэсийн баяжмалын тээвэрлэлтийг хийх, хадгалах, борлуулах бүрэн боломжтой. Харамсалтай нь, чингэлгүүдээ татан авч чадахгүй байгаа улс уул уурхайн бүтээгдэхүүнүүдээ экспортолж чадах уу гэдэг бас л асуултын тэмдэг үлдээгээд байна.

Монгол Улсын хувьд энэ жил 80 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Энэ байдлаар бол төлөвлөсөн хэмжээндээ нүүрс экспортлох боломж алга. Үүнээс болж, төсвийн орлого хэдэн их наяд төгрөгөөр тасарч мэднэ. Харин сайд нарын хувьд буцах хүнд үнээ тугал хамаагүй гэдэг шиг л байцгаана даа.

Эх сурвалж: Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *