АмЧам Монгол: МЭДЭГДЭЛ

0

УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) хууль тогтоох төрийн дээд байгууллага болон Монгол Улсын Засгийн газарт хандан дараах мэдэгдэл уриалгыг гаргаж байна.

Чөлөөт зах зээлийн эдийн засгийн зарчимд суурилсан эдийн засгийн хөгжлийн замналаар яваа Монгол Улсын хөгжлийн түүчээ болсон гадаа дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгч нар нь бизнесийн олон салбарт ажил хэргээ явуулж, улс орны хөгжилд төсвийн орлогын томоохон хэсгийг татвар, нийгмийн даатгал болон бусад хураамж төлбөрөөр бүрдүүлж ирсэн билээ. Нэн ялангуяа, бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн компаниуд биет болон биет бус хөрөнгө оруулалтыг улсдаа авч ирдэг.

Хуулийн хэрэгжилт, даган мөрдөх зарчмуудыг бизнес эрхлэгч нар ухамсарлах төдийгүй шударга өрсөлдөөн, зах зээлийн дүрмээр үйл хэргээ авч явдаг үлгэр жишээ байдлыг Монгол дахь Америкийн Худалдааны Танхим хүндэтгэж, тэднийг онцолдог. Хэдийгээр хууль, дүрмийг биелүүлэх үүргийг манай гишүүн байгууллагууд ойлгож, даган мөрддөг ч сүүлийн үед олон нийтийн дунд цацагдах болсон хэрэг явдалд анхаарал хандуулахын төдийгүй гишүүн байгууллагуудын өмнөөс маш ихээр санаа зовниж байгааг илэрхийлье.

Манай худалдааны танхимын хоёр гишүүн байгууллага болох Наран Мандал Энтерпрайз ХХК-ийн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1-р багт байрлах “Цагаан Цахир” төслийн үйл ажиллагааг түр зогсоох тухай акт гарсан болон Монполимет Групп ХХК-ийн охин компаниудын дансыг царцаасан болон Танхимын гишүүн бус бусад олон тооны бизнесийн эрх ашигт халдах зэрэг хэрэг явдлууд нь хууль хяналтын байгууллагуудын уялдаа холбоо, Засгийн газрын хөрөнгө оруулалт болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг дэмжиж ажиллах зарчимтай харшиж байгааг буруушааж, ил тод бөгөөд шударга ёсыг эрхэмлэн ажиллахыг шаардаж байна.

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим нь өдгөө 80 гаруй гишүүн байгууллагуудын нэрийн өмнөөс удаа дараалан хийж буй энэхүү түрэмгийн ажиллагаа, хувийн хэвшил рүү дайрч, олон нийт, олон улсын хөрөнгө оруулагчдын хүрээлэлд Монгол Улсын нэр нүүрийг харлуулсан үйл ажиллагааг зогсоох, аливаа хуулийг даган мөрдөх шаардлагыг ном ёсны дагуу, зарчимч байдлаар хэрэгжүүлэхийг уриалж байна.

Хэрэв эдгээр үйлдэл, хандлага цаашид газар авбал Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн салбарын хөгжил, бизнесийн орчин доголдолд орж, олон бизнес эрхлэгч, мянга мянган ажилтны аж амьдралд сөргөөр нөлөөлж, улмаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт үгүй болох эрсдэл дагуулж болзошгүйг анхааралдаа авч, даруй арга хэмжээ авахыг шаардаж байна.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 25 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *