МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Э.Батшугар сонгогчидтой уулзлаа
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн XI тойрог, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Э.Батшугар өнөөдөр дүүргийнхээ 22, 33 -р хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа.
Нийслэлийн хүн ам ихээр төвлөрсөн, гэр хороолол ихтэй СХД-ийн хувьд иргэдийг орон сууцжуулах асуудал тулгамдаад буй.
Нэр дэвшигч Э.Батшугар энэ асуудлыг саяхан батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар шийдэх боломжтой бөгөөд уг хуулийн дагуу байгуулсан Хуримтлалын санд төвлөрөх хөрөнгийг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэсэн гурван асуудалд зарцуулахаар болсныг танилцуулав.
МАН-ын мөрийн хөтөлбөрт түрээслээд өмчлөх хэлбэрээр хэрэгжих “Миний түрээсийн орон сууц” хөтөлбөр, эрчим хүч, байгаль орчинд ээлтэй орон сууц барих, засварлахад хөнгөлөлттэй зээл олгох зэргээр иргэдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилтууд багтсаныг тэрбээр иргэдэд дуулгаж, энэ нь цаашдаа нийслэлийнхний байнга ярьдаг хөрс, ус, агаарын бохирдол буурахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг тэрбээр онцолсон юм.
Түүнчлэн, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нарыг дэмжиж, эдийн засгийг долоогоос доошгүй хувиар өсгөх зорилт тавьсан хийгээд нүүрсний экспортын орлогыг хоёр дахин өсгөснөөр ДНБ, эдийн засаг цаашид тогтвортой өсөх боломжийг бүрдүүлсэн гэдгийг Э.Батшугар уулзалтад оролцогсдод тайлбарлаж, иргэд талархан хүлээн авсан байна.