“Улаанбаатарт метро барих” зөвлөх үйлчилгээг авсан БНСУ-ын “Dohwa Engineering” компани нь “Баянголын ам” түрээсийн орон сууц барих төслийг хийж байжээ
Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро баригдах талаар өнгөрсөн хоёрдугаар сард яригдаж эхлэн “метро байгуулах төсөл”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг 2024.02.29-нд зарласан байдаг.
Үүнээс хойш тендерийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттайгаар явагдаж өчигдөр /2024.06.11/ эцсийн байдлаар шалгарсан компанийг олон нийтэд танилцуулаад байгаа юм. Зөвлөх үйлчилгээний тендерийн нэгдүгээр үе шатанд 20 компани мэдээллээ ирүүлсэн бол хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-ын нийт дөрвөн компани саналаа ирүүлээд байсан. Үүнээс метро барихад зөвлөх үйлчилгээг үзүүлэх компаниар БНСУ-ын “Dohwa Engineering” компани сонгогджээ.
Тодруулбал,БНСУ-ын “Dohwa Engineering” гэх компани нь Солонгосын үндэсний төмөр зам, Солонгосын тэргүүлэгч компаниуд болох “Korea national railway”, “Korea railroad corporation”, “Soosung engineering” зэрэгтэй хамтын түншлэлтэйгээр 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн саналтайгаар шалгарчээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Тендерт шалгарсан шийдвэрийг “Dohwa Engineering” компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол тав хоногийн дараа гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийнэ. Тус компани Ази, Африк, Латин Америкийн орнуудад метроны төсөл хэрэгжүүлсэн, БНСУ-ын томоохон компанийн нэг” хэмээгээд энэ компани геологийн судалгаа хийхээс гадна тендерийн үндэсний дизайныг гаргах, жишиг баримт бичгийг боловсруулж, манай талд хүлээлгэж өгөх ёстой” талаар дурдаад буй.
-БНСУ-ЫН “DOHWA ENGINEERING” КОМПАНИ НЬ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД 6900 ГАРУЙ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН, 15 УЛСАД САЛБАР НЭГЖТЭЙ-
Тэгвэл метро барих зөвлөх үйлчилгээнд шалгараад буй БНСУ-ын “Dohwa Engineering” гэх компани нь 1957 онд байгуулагдсан, Өмнөд Солонгосын хувийн хэвшлийн хамгийн том инженерийн зураг төслийн компаниудын нэг аж. Олон улсын хэмжээнд нийт 6900 гаруй төслийг хэрэгжүүлсэн туршлагатай ба 15 гаруй улсад өөрийн салбар оффистой үйл ажиллагаагаа явуулдаг аж. Ерөнхий захирлаар Пак Сэн Ү гэх хүн ажилладаг ба нийт 2300 гаруй ажилчидтай. ТЭЗҮ, зураг төсөл, дүн шинжилгээ, туршилт, хяналт, ашиглалтад оруулах, үнэлгээ, зөвлөх, сургалтын үйлчилгээ үзүүлдэг олон талт инженерийн зөвлөх компани тэрээр ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, усны нөөцийн менежмент, хот төлөвлөлт, замын хөдөлгөөн, барилга байгууламж, боомт ба төмөр зам, байгаль орчны инженерчлэл гэх мэт маш өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаа явуулдаг аж.
Мөн Перу, Иран, Вьетнам зэрэг 76 улсаас гадна Солонгостоо 10,000 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн талаарх мэдээллээ өөрийн цахим хуудсандаа байршуулжээ.
Салбар компаниуд:
- Ази (Өмнөд, Зүүн өмнөд): Вьетнам, Индонез, Бангладеш, Пакистан, Филиппин, Энэтхэг
- Төв Ази ба Кавказын бүс нутаг: Гүрж, Киргиз, Казахстан, Узбекистан
- Ойрхи Дорнод ба Хойд Африк (MENA) ба Өмнөд Африк: Оман, Алжир, Мозамбик, Танзани
- Европ: Польш
- Америк: Колумб, Перу, Болив, АНУ, Никарагуа, Гондурас зэрэг улсуудад салбар компаниудтай.
-УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ БАРИХ ТӨСЛИЙН ТЭЗҮ ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ КОМПАНИЙ ВЭБСАЙТАД ТАВИГДЖЭЭ-
Үүнээс гадна тус компани нь Монгол улсад түрээсийн орон сууц барих төслийн ТЭЗҮ /техник эзийн засгийн үндэслэл/ үйлчилгээг хийж гүйцэтгэж байсан талаараа вэбсайтдаа дурджээ. Энэ талаараа “Монгол Улсын Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй иргэдийн орон сууцны орчныг сайжруулах, агаарын бохирдлын гол буруутан болсон гэр хорооллыг багасгах зорилгоор Солонгос, Монголын Засгийн газар хоорондын зээлийн төсөл. Энэхүү төслийн хүрээнд БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөрөнгөөр Улаанбаатар хотын 10 га талбайд 2007 айлын түрээсийн орон сууц барих юм” хэмээн бичжээ.
Баянголын амын 10 га газарт 2007 айлын орон сууцыг Солонгосын “Эксим” банкны нэн хөнгөлөлттэй зээлээр төслийг хэрэгжүүлж буй. Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарласан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. 2025 он гэхэд 2007 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцүүлэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлнэ” гэж мэдэгдэж байв.
Харин хамтын түншлэлээр орж буй “Korea national railway” компани нь 2004 оны 1-р сард үндэсний хэмжээний төмөр замын сүлжээг бий болгох, төмөр замын суурь бүтэц, хөрөнгийн үр ашигтай менежментийг бий болгох зорилгоор байгуулагдсан төрийн өмчит төмөр замын дэд бүтцийн компани аж.
Мөн “Korea Railroad Corp” нь төмөр замын ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Тус компани нь логистикийн цогц төлөвлөгөөг бий болгох, хөдлөх бүрэлдэхүүний үзлэг, ачааны галт тэрэгний үйл ажиллагаа болон бусад үйлчилгээг санал болгодог. Солонгосын төмөр зам нь зорчигч тээвэр, метро, байгууламжийн засвар үйлчилгээний үйлчилгээг санал болгодог.
“Soosung Engineering”-н хувьд дэд бүтцийн чиглэлээр олон талт инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 4000 гаруй геотехникийн болон геологийн олон янзын нөхцөлд батлагдсан төслийн туршлага бүхий компани аж. Төсөл боловсруулах тусламж, ТЭЗҮ, Барилгын хяналт, гэрээний менежментийн зураг төсөл, тендер, худалдан авалт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Эх сурвалж: isee.mn