Үйлдвэрүүд дотооддоо хаягдал усаа цэвэрлэсний дараа төв цэвэрлэх байгууламжид нийлүүлнэ
Өнөөдөр Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАИКА-ын Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийнхтэй уулзав.
Төв цэвэрлэх байгууламжид ирэх үйлдвэрийн хаягдал усны бохирдлын хэмжээг бууруулах, хаягдал усыг дүрэм,журмын дагуу зохицуулах хяналтын тогтолцоог бий болгоход хамтран ажиллахаар санал солилцлоо.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, архи, ундааны зэрэг үйлдвэрүүд хаягдал усаа урьдчилан цэвэрлэхгүйгээр ариутгах татуургын сүлжээ Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг.
Цэвэрлэх байгууламж цэвэршүүлсний дараа Туул голд цутгах байдлаар үйлдвэрийн хаягдал усны асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Цэвэрлэх байгууламжаас гарч буй энэ хаягдал ус хүнд металл агуулсан, цэвэрлэх хүчин чадлаас давсан бохирдуулагчийн өндөр концентратаас үүдэж бохирдолтойгоор байгальд хаягдаж байна.
Энэ төсөл хэрэгжсэнээр хаягдал усны MNS 61, 65 стандартууд шинэчлэгдэж, үйлдвэрүүд дотооддоо хаягдал усаа урьдчилан цэвэрлэсний дараа цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг болох юм.