Лу.Гантөмөр: Эгийн голын цахилгаан станцыг ашиглалтад оруулна
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн иргэдтэй хийх уулзалт хойд бүсийн тойрог болох Хөвсгөл аймагт үргэлжилж байна. 8-р тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Х.Баттулга, Б.Ариун-Эрдэнэ, Х.Эрдэнэбаатар, Ж.Батзандан, Г.Цэрэндолгор, Г.Мөнгөнхуяг, Д.Өсөхбаяр, Х.Батсайхан нар уулзалтад оролцлоо.
Тэрбээр, “Ардчилсан намын төлөвлөгөөг ажил хэрэг болгохоор найман нэр дэвшигчээ хойд бүсэд илгээлээ. Тэд Монголын хөгжил дэвшил, Монголчуудын төлөө өөр өөрийн зорилгыг өвөрлөн та бүгд дээр ирж, хийж чаддагаа харуулахаар энэ тойрогт нэр дэвшиж байгаа. Тодруулбал, өнөөдөр ардчилалд аюул нүүрлэсэн учраас Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг УИХ-д нэр дэвшээч хэмээн Ардчилсан нам урьсан юм” гэв.
Түүнчлэн тэрбээр, Булган, Орхон, Хөвсгөл аймаг бол Монголын диваажин. Хамгийн нандигнаж, хайрлах ёстой бүс нутаг. Энэ бүс нутгийг эвдэж сүйтгэж болохгүй. Диваажин мэт бүс нутагт амьдарч буй хүмүүсийг там байгаа юм шиг амьдруулж болохгүй. Тиймээс монголчууд ажилтай, орлоготой, амьдралд нь орлого нь хүрдэг, Монгол төгрөг үнэтэй байх тэр цагийг авч ирэхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өнөөдрийг хүртэл судалж, гаргасан маш олон ТЭЗҮ-г ажил хэрэг болгоё хэмээн онцлов.
Ардчилсан нам Эгийн голын цахилгаан станцыг ашиглалтад оруулж, мах, ногоо боловсруулах үйлдвэр барьж, Ханх сум, Хатгал тосгоны чөлөөт бүсийг хөгжүүлэн хойд хөрш ОХУ руу иргэд дөрвөн улиралд зорчих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд ажилгүйдэл, ядуурал хэвээр. Монгол төгрөг үнэгүйдэж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, үйлдвэрлэл байхгүй, Улаанбаатарчууд тоггүй, Хөдөөнийхөн дулаангүй, гаднаас тог импортолдог хэвээр.
Тиймээс эрх ямбаны төлөө бус алдагдсан найман жилийн алдааг засахаар Ардчилсан нам чадвартай, мэдлэгтэй, боловсролтой найман хүнээ УИХ-ын 4-р тойрогт нэр дэвшүүлжээ.
АН-ын дарга Лу.Гантөмөр “Долоо, найман тэрбумаар алтан хөшөө барьчихаад гайхуулаад сууж байдаг. Гэтэл энэ хөрөнгийг яагаад Хөвсгөл, Орхон, Булганыхан хөлдөхгүйн төлөө зарцуулж болдоггүй юм бэ.
Хөрөнгө мөнгөнд хавчигдаж хууль үгүй болсон
Хөрөнгө мөнгөнд дарагдаж мэргэд үгүй болсон
Энэ цөвүүн цагийг халахын тулд бид тооцоолон бодох чадвартай, туршлагатай залуусыг хойд бүсийг хөгжүүлж, өөрчлөлтийг хийхээр нэр дэвшүүлж байна” хэмээн онцоллоо.
Хойд бүсийн тойрогт Ардчилсан намын найман нэр дэвшигч бол ухардаггүй, цөхөрдөггүй, буцдаггүй хүмүүс.