И.Мөнхжаргал: МАН иргэдийн саналыг 100 мянгаар худалдаж авч байна. Хаа сайгүй 100 мянган төгрөг
Ардчилсан намаас /АН/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дэд дарга И.Мөнхжаргал:
-МАН иргэдийн саналыг 100 мянгаар худалдаж авах ханш тогтоосон байна. Хаа сайгүй 100 мянган төгрөг. Зургаадугаар сарын 10-нд Ч.Хүрэлбаатарт гаргасан гомдлыг мөрдөгч н.Баттулга прокурорт хэрэгсэхгүй болгох саналыг хүргүүлжээ. Уг нь би зургаадугаар сарын 8-нд цагдаагийн байгууллагад шаардлагаа өгсөн. Гэтэл амралтын хоёр өдрийн дараа сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй давхцуулж Ч.Хүрэлбаатарт бэлэг барьж байгаа аятай хэргийг нь хаажээ. АН үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс прокурорт гомдол гаргана.
1000 оюутанд 100 мянган төгрөг тараасан Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатар тойрогт өрсөлдөөд явж байна. Ийм байж яаж шударга өрсөлдөх вэ.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сонгуульд шударга өрсөлдөнө гэсэн яасан бэ. Сонгуулийн Ерөнхий хороо, цагдаагийн байгууллага яагаад ажлаа хийхгүй байна вэ.
Энэ удаагийн сонгуульд АН өнгөрсөн 8 жилийг засах уриатай оролцож байгаа. Эерэгээр сонгуульд оролцож байгаа АН-ыг харлуулж байна. Эрх баригч нам энэ удаагийн сонгуульд шударгаар өрсөлдөөсэй. Бид алдагдсан 8 жилийг засах болно.