Ардчилсан намынхан говийг устай болгохын төлөө ажиллана
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн иргэдтэй хийх уулзалтаа Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Дорнод аймгаас эхлүүлж, Дорноговийн Сайншанд сумд үргэлжлүүллээ. 7 дугаар тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт тус намаас нэр дэвшиж буй Г.Ганбаатар, Р.Сэддорж, Л.Одсэр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Н.Энхбат нар эл уулзалтад оролцов. Энэхүү уулзалтыг зорьж ирсэн иргэдэд Ардчилсан намынхан эрчимт хөгжлийн 9 зорилт, 90 ажил, 900 заалттай мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.Энэ үеэр Л.Гантөмөр “Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол их ажлын төлөвлөгөө. Манай нам ард түмнээ хуурахыг хүсэхгүй байгаа. 9 удаагийн сонгууль болоход дандаа худлаа ярьдаг болж, дарга нар амласнаа биелүүлэхээ больсон. Татвар буулгана гэчихээд нэмдэг. Цалин нэмнэ гээд төгрөгийн ханшийг унагадаг болсон.Бид иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, Монголын эдийн засгийг босгож ирэх ёстой. Монгол хүнээ хүчирхэг болгох төлөвлөгөө бидэнд бий. Монгол залуучууд ажилтай болъё гэвэл үйлдвэртэй болохоос өөр аргагүй. Бид 2012-2016 онд үйлдвэржилтэд анхаарсан. Зөвхөн Дорноговь аймагт гэхэд цементийн хоёр үйлдвэртэй болж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах боломж бүрдсэн. Одоо бид гангийн, бордооны, зэс боловсруулах үйлдвэртэй болж, өндөр технологийг Монголдоо нутагшуулах хэрэгтэй.Ардчилсан нам ипотекийн зээл олгох, 3000 км зам тавих зэрэг ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн. Гэвч ипотекийн зээл олгохыг сүүлийн жилүүдэд зогсоосон. Сонгууль угтуулаад буцаан олгож эхэлсэн дүр үзүүлж байна” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр “Говийг устай болгохын тулд долоон нэр дэвшигч маань долуулаа хамтарч, хүчээ нэгтгэж ажиллана. Говьд бид заавал ус авчирна. Миний эцэг говийн хүн. Надад хувь заяа ногддог л юм бол говийг заавал устай болгоно. Энэ ажлыг хийх долоон нэр дэвшигчийг маань дэмжихийг, сонгохыг хүсье” хэмээн тэмдэглэв. Монгол төрийг монголчуудын дунд авчирна гэдгээ тодотгосон тэрбээр мөн “Шударга ёс алдагдсан хэвээрээ байна. Утаа, түгжрэл, ядуурал, авлигаас салахын тулд монгол төрийг удирдаж буй хүмүүс яг ард түмнийхээ хажууд амьдардаг байх ёстой. Одоо бол монгол төр вакумд орчихоод байна. Монгол төр мөнгө шүтдэг болсон нь хамгийн том алдаа. Монголын төр мэдлэг шүтдэг болох ёстой” гэж онцоллоо.
УИХ-ын сонгууль болж буй өнөө үед дотоод, гадаад нөхцөл байдал онцлогтой байгаа гэхэд болно. Хойд хөрш дайн байлдаантай, урд хөрш эдийн засгийн “тулаантай” байгаа. Дэлхий хоёр хуваагдаж, Ойрхи Дорнодод дайн болж буй. Дэлхийн хуваагдал дунд юуны түрүүнд монголчуудын амь амьжиргаа, монголчуудын хувь заяа, Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалахын тулд энэ удаагийн сонгуульд хариуцлагатай оролцож буйгаа тус намынхан илэрхийлээд, иргэдийг ч саналаа өгөхдөө хариуцлагатай хандахыг хүслээ.
Энэ талаар Л.Гантөмөр “Өнгөрсөн 20, 30 жилд монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, улс төрийн эрх чөлөөгөө дэлхий дахинд зарлан тунхагласан үүлэн чөлөөний нар шиг энэ сайн цаг өдгөө бүдгэрч харагдаж байгаа. Гадаад улсын Ерөнхийлөгч ирээд Монголын төр ямар байхыг хэлж болно гэж үү. Монгол иргэнээ хүчирхэг болгохгүй бол гаднын нөхцөл байдал хүнд байгаа гэдэг талаасаа бид сонгуульд асар хариуцлагатай оролцож байна. Нөгөөтээгүүр, дотоод нөхцөл байдал ч хүнд байна. Зарим хүн өнгөрсөн 8 жилийг “Там шиг 8 жил байлаа”, “Дарангуйлал үнэнээсээ ирснийг харуулсан 8 жил боллоо”, “Бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн 8 жил байлаа” гэх зэргээр хэлж байна. Ардчилсан нам алдагдсан 8 жилийн алдааг засаж чадна” хэмээн өгүүлэв.
Энэхүү уулзалтын үеэр Ардчилсан намынхан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, “Хариуцлагатай, чинээлэг малчин хөтөлбөр”-ийг улс орон даяар хэрэгжүүлнэ гэдгээ тэмдэглэв. 7 дугаар тойрогт багтаж буй дээрх аймгуудад байгалийн баялгийн нөөц бий тул боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй. Ингэж чадахгүй бол хөгжихгүй. Говьд ус ирвэл дагаад хөгжил ирнэ хэмээн үзэж буй Ардчилсан намынхан Монголын говийг хөгжүүлэх ажлын төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө иргэд сонгогчдодоо ийнхүү танилцуулан, санал бодлыг нь сонссон юм. Мөн иргэдийг хэрсүү, сонор сэрэмжтэй байж, саналаа худалдахгүй байхыг хүсээд, чин сэтгэлээсээ хүсэж, мөрөөдөж буй ирээдүйнхээ төлөө саналаа өгөхийг уриаллаа. Тэднийг дэмжиж буйгаа иргэд илэрхийлэн, амжилт, ялалт хүсэв.
Ардчилсан намын сонгууль эрхэлсэн байгууллага