Монгол Улс Жендерийн тэгш бус байдлын индексээр 5 байр ухарч, 85 дугаарт эрэмбэлэгдлээ
Дэлхийн Жендерийн тэгш бус байдлын индекс 0.1 хувиар өсөж, 68.6 хувьд хүрэв
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендерийн тэгш бус байдлын индексийн 2024 оны тайланг танилцууллаа. Энэ онд 18 дахь жилдээ гарч буй, эдийн засаг, улс төр, эрүүл мэнд, боловсролын салбар дахь жендерийн тэгш оролцоог хэмждэг тайланд дэлхийн 146 улс орныг хамруулсан байна.
2024 оны Жендерийн тэгш бус байдлын индекс 68.5 хувьтай гарсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 0.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Дээрх судалгаанд 2006-2024 оны хооронд тасралтгүй хамрагдсан 101 улсын индекс мөн адил 68.6 хувьтай гарсан байна.
Энэ оны үзүүлэлт тооцоолж байснаас бага түвшинд гарсан нь жендерийн тэгш байдалд хүрэх өсөлт удаан байгааг илтгэж байгаа юм. Одоогийн дата мэдээллээс үзэхэд жендерийн бүрэн тэгш байдалд хүрэхэд 134 жил шаардлагатай байгааг тайланд онцолжээ. Ингэснээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгод 2030 он гэхэд жендерийн эрх тэгш байдлыг хангана гэсэн зорилт биелэхгүй болох нь тодорхой болоод байгаа аж.
Тус индексэд сүүлийн 10 гаруй жил тэргүүлж байгаа Исланд улс энэ онд 93.5 хувийн үнэлгээгээр мөн л нэгдүгээрт бичигдсэн байна.
Монгол Улсын хувьд өнгөрсөн оныхоос таван байраар ухарч, 70.5 хувиар жагсаалтын 85 дугаарт бичигджээ. Харин боловсролын салбар дахь жендерийн тэгш байдалд 100 хувийн үнэлгээ авч жагсаалтын 21 дүгээрт эрэмбэлэгдсэн бол улс төрийн орчинд харьцангуй тааруу буюу ердөө 10 хувийн үнэлгээ авч, 120 дугаарт жагссаныг тайланд онцолжээ.