Х.Нямбаатар: Автобусны жолооч нар түлшээ хулгайлж, бэлэн мөнгө авч байна

0

Нийслэлийн нийтийн тээврийн жолооч нарын үндсэн цалинг энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн 3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр илүү цагаар ажилласан тохиолдолд дээд тал нь сардаа 8 сая төгрөгийн цалин авдаг болжээ. Гэвч жолооч нар автобусныхаа түлшийг хулгайлахаас эхлээд зөрчил гаргасаар байгаа аж. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2024.06.13/ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдлээ.

Тэрбээр “Нийслэлийн нийтийн тээвэр дээр өөрчлөлт гарч байна. 240 цагаас дээш ажилласан жолооч дунджаар 4,5 саяас 5 сая төгрөгийн цалин авч байна.

Хамгийн өндөр цалин буюу 8 сая төгрөгийн цалинг Зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч авсан байна лээ.

Жолооч нарын цалинг өсгөснөөр энэ салбарт ажиллагсдын дараалал үүсч байгаа. Манай нийслэлийн нийтийн тээврийн удирдлагууд, автобус  компаниуд нийтийн тээврийг ашигтай ажиллуулах боломж байгаа.

Одоо зорчигчдын төлж байгаа бэлэн мөнгийг хурааж авдаг болох ёстой.

Сүүлийн үед жолооч нар дээр гарч байгаа зөрчил маш их байна. Дизель түлшээ хулгайлж байна, бэлэн мөнгөө авч байна. Бэлэн мөнгөний хайрцаг руу харуулсан камерыг салгаж байна.

Энэ зөрчлүүд дээр ажлаас халах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудал ярих ёстой. Өөрөөр хэлбэл, 1.5 сая төгрөгийн цалинтай байсан жолооч нарын цалинг нэмж, өндөр болгоод байхад үйлчлүүлэгч нартай бүдүүлэг харилцдаг, тамхи татдаг, гар утсаар ярьдаг, замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог  энэ үйлдлүүд дээр өөрчлөлт гаргая гэж байгаа юм” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *