Япон, Хойд солонгосын төлөөлөгчид саяхан Монголд нууцаар уулзсан гэж БНСУ-ын хэвлэлд мэдээлжээ

0

Япон, Хойд солонгосын төлөөлөгчид өнгөрөгч тавдугаар сар /2024.05/-ын дундуур Монголд нууцаар уулзсан тухай БНСУ /Өмнөд Солонгос/-ын хэвлэл өнөөдөр мэдээлжээ.

Тодруулбал, Японы ерөнхий сайд Фумио Кишида ирэх наймдугаар сар /2024.08/-д Монголд айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа талаар Японы хэвлэлүүд мэдээлж байсан. Японы “ANN” телевиз энэ сарын 5-ны өдөр мэдээлснээр, Ерөнхий сайд Фумио Кишида нь Япон, Хойд Солонгосын хоорондын яриа хэлэлцээг урагшлуулахын тулд Хойд Солонгостой уламжлалт найрсаг харилцаагаа одоог хүртэл хадгалж буй Монгол Улстай хамтран ажиллах хүсэлт тавихаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэн байна.

Тэгвэл Япон, Хойд солонгосын төлөөлөгчдийн өнгөрөгч тавдугаар сарын дундуур Монголд хийсэн нууц уулзалт Улаанбаатар хотын ойролцоо нэгэн газарт болсон бөгөөд Японы нэг улстөрч, Хойд солонгосын гурван төлөөлөгч оролцсоны нэг нь тус улсын тагнуулын ерөнхий газартай холбоотой хүн байсныг БНСУ-ын “Жүнан Илбо” сонин хэд хэдэн эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.

Сонирхуулахад, хоёр улсын хооронд 1970-1980-аад оны үед Хойд солонгосын тусгай албадын хулгайлсан Японы иргэдийн асуудал хурцаар яригддаг. Хойд солонгосын дэглэм тагнуулын ажилтнууддаа япон хэл, соёл сургах зорилгоор тэдний 17 хүнийг хулгайлсан гэдэг. Токиогийн эрх баригчид хулгайлагдсан иргэдээ буцааж авах арга замыг олон жилийн турш хайж байгаа ч Пёнян энэ талаар хэлэлцэхээс татгалзсаар ирсэн юм. 2002 онд хоёр улсын удирдагчид түүхэндээ анх удаа Пёнянд уулзаж байжээ. Энэ уулзалтаар тухайн үеийн Японы ерөнхий сайд Жүничиро Коизүми, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ил нар тохиролцсоны дагуу хулгайлагдсан иргэдийн тав нь эх орондоо буцсан байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *