Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа Б.Ариунболд гэж хэн бэ

0

Цаг хугацааг ухрааж 34 жилийн өмнөх идэр есийн жавар тачигнасан Улаанбаатарын гудамжинд очих аваас ардчилал, хүний эрх, шударга ёсны төлөө, нэг намын дарангуйллын эсрэг тэмцэлд уриалсан МоАХ-ын цуглаанууд дунд энэхүү бичил хөргийн баатрыг харах болно. Полийн дээдийн цахилгааны инженерийн 5б ангийн оюутан Бямбын Ариунболд. Төгсөх курсийнхнээ, ангийнхнаа уриалж, ардчиллын жагсаал руу “уруу татсан этгээд”. Оюутнууд Сүхбаатарын талбай, Эрх чөлөөний талбайд болсон жагсаал цуглаануудыг алгасалгүй очиж, жагсагчдын хамгаалалтын албаны үүргийг сайн дураар гүйцэтгэдэг байв.

Цаг хугацааны дурангийн харааг дахиад цааш жаахан сунгаваас Ажилчны районы Хосе Мартын нэрэмжит 52 дугаар сургуулийн математикийн тэнхимд сурагч Бямбын Ариунболдтой тааралдана. Тооны Нэргүй багшийн ангийнхан толгой өндийхгүй томъёо цээжилж, тэгшитгэл боддог гавал хүүхдүүд. Тэдний дунд бидний танил хөвгүүн ирээдүйн инженер болох эхлэлээ тавьж сууна. Эсвэл сургуулийн биеийн тамирын зааланд сагс тоглож, Спортын төв ордонд Ш.Чанарав багшийн самбо бөхийн дугуйланд барилдаж байгааг харах болно.

Түүний хувийн хэргийг сөхөх аваас нийтэч, тусч, хөдөлгөөнтэй, спортоор хичээллэдэг. Сурлагадаа сайн. Тооны хичээлдээ илүү сонирхолтой. Ирээдүйд инженер болох хүсэлтэй. Гэр бүлийн халамж анхаарал сайн гэх зэрэг багшийн тодорхойлолт дурайна. Ажилчны районоосоо ганцхан насаар дүү гэдгийг “төрсөн он” гэсэн хэсгээс хараад аваарай.

Аав Бямба нь цахилгааны инженер, ээж Тунгалаг нь багш. Ховдын Булган, Хөвсгөлийн Рашаантын гаралтай ч Улаанбаатарт төрж өссөн хосууд Ажилчны районы анхны оршин суугчид болсны дараа жил гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан нь Ариунболд.

…Сүхбаатарын талбайд Монголын ардчилсан холбооны анхны жагсаал цуглаануудад оролцон гүйж явсан оюутан залуу тэр хавар сургуулиа төгсөн Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газарт   инженерээр ажиллав. Таван жилийн дараа хувийн компаниа байгуулан зах зээлийн өрсөлдөөнд зориглон оржээ. Өрсөлдөөс гэснээс Бямбын Ариунболд ер нь өрсөлдөөнд дуртай. Дуртай гэхээсээ илүү ийм тэмцэгч чанар түүний цусанд байж мэднэ. Өөрөөр хэлбэл өвөг дээдсээс нь өвлөгдсөн гэсэн үг.

1930-аад оны их хэлмэгдүүлэлтэд өртөж амь насаа алдсан өвөг эцэг нь, 1960, 1970-аад онд сэхээтний төөрөгдөл, Ц.Лоохууз, Б.Сурмаажав нарын хамсаатан гэгдэж тэнсэн ял сонсож байсан аав нь түүнд ийм зан чанарыг өвлүүлжээ. Түүний аав Бямба Ховд аймгийн Булган сумын гаралтай, Улаанбаатарын унаган хүүхэд байв. Тэрбээр өнөөг хүртэл мөрдөж байгаа Монгол Улсын эрчим хүчний горимын тооцоог 1972 онд боловсруулсан мундаг инженер. Салбартаа удирдах ажил хашиж явсан ч МАХН-ын гишүүнээр элсэхгүй гэж зөрүүдлээд албан тушаалаасаа бууж ч байв. Эрчим хүчний үнийг чөлөөлөх ёстой гэх мэт тэр үед бол эсэргүү зүйл их ярьдаг байсан гэдэг. Аавын үлгэр дуурайл хүүд нь нөлөөлж, багаасаа өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ үнэнч, тууштай нэгэн болж төлөвшжээ. Тиймээс арван жилийн ангийнхан нь, нэг довон дээр тоглож өссөн найзууд нь Ариунболдыг ардчиллынхныг дэмжиж, жагсаал цуглаанд оролцох болсныг сонсоод огт гайхаагүй гэдэг. Ажилчны районы Ариунболд ардчиллын Ариунболд болох тун амархан байжээ. Багын л шулуун шударга, нийтэч, чөлөөт сэтгэлгээтэй хүүхэд байсан нь ирээдүйн бие хүн болох суурь болсон хэрэг.

Ханьтайгаа арван жилээсээ үерхсэн. Ирээдүйн хань нь зэргэлдээ сургуулийнх нь доод ангийн охин байв. Тэд одоо гурван хүүхдийн аав, ээж болжээ. Тэдний гэр бүл удам дамжсан инженерүүд.

Б.Ариунболд цахилгааны инженер мэргэжилтэй. Гэргий Мөнхцэцэг нь мөн инженер. Цахилгаан шугам сүлжээнд монтёр, ачигч гээд анхан шатнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан. Инженер болоход нь аав нь нөлөөлсөн нь мэдээж. Одоо отгон хүү нь өвөө, аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр шийдэж АНУ-ын Вашингтон хотод суралцах эрх өвөртөлжээ.

Б.Ариунболдын үүсгэн байгуулсан “STA” ХХК  өнөөг хүртэл эрчим хүчний салбарт хувь нэмрээ оруулан  ажиллаж байгаа. Мөн эдний компани Хан-Уул дүүрэгт “ТЭЦ-3”-ын авто зам, Яармагийн авто зам зэрэг хэд хэдэн томоохон автозамын бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр ажиллажээ.

Монголын ардчилсан залуучуудын холбооны анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож, нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын анхны бүлгийн даргаар ажилласан зэрэг “анхдагчийн” тодотгол түүний намтарт бий. 1992 оноос хойш 20 жил МАХН засагласан Нийслэлийн ИТХ-д Ардчилсан нам анх удаа 9 суудал авахад Б.Ариунболд намын бүлгийн даргын сонгуульт ажлыг хашжээ. Хотын өөрөө удирдах ёсны байгууллагад ардчилал, олон ургальч үзлийн салхи оруулахын төлөө журмын нөхдийнхөө хамт тэмцэж үр дүнд хүрсэн юм. НИТХ-д цөөнх ч гэлээ иргэдийн дунд дэмжлэгтэй, ажил хэрэгч намын бүлэг дөрвөн жил амжилттай сайн ажилласан нь  2012 оны орон нутгийн сонгуулиар АН  нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулахад нөлөөлсөн байна.

Тэрбээр 2013-2016 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа өнөөгийн Баялгийн сангийн анхны хувилбар Ирээдүй өв сангийн тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож, иргэдэд байгалийн баялгаас хувь хүртээн хувьцаа эзэмшүүлэх асуудлыг анх гаргаж тавьж байсан аж. 2018 оноос  хойш АН-ын Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа. Тэрбээр төрийн алба хашсан ч, түмний итгэл хүлээн сонгуульт албанд зүтгэсэн ч, хувийн хэвшилд ажилласан ч Хан-Уул дүүргээсээ хаашаа ч явсангүй.

Эзэмшсэн мэргэжил, эрхэлж байгаа ажил нь ч энэ дүүрэгтэй холбоотой. “Хотын хүн л хотоо хөгжүүлдэг” гэдэг үг бий. Энэ бол эзэн хүний өөриймсөг сэтгэлээс гадна өөрт нь шингэсэн мэдрэмж, хандлага, мэдлэг чухал гэдгийг хэлж буй юм.

НЭР ДЭВШИГЧ Б.АРИУНБОЛДЫН СОНГУУЛИЙН ШТАБ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *