Өндөрхааны оройгоос…
Эзэн Чингис хааны өлгий, Их хатдын түүхт нутаг бол Хан Хэнтий. Нутгийн хүмүүстэй ярилцахад “өвлийн цаг хэцүүхэн байлаа, гэхдээ хичнээн үхэж хорогдсон ч мал бол өсдөг буян. Цаг зуд ямар байхаас үл хамааран манай нутгийн ард иргэд эцэг өвгөдөөс сонгон нутаглаж ирсэн энэ сайхан байгаль, уул усаа үргэлж ерөөж дээдэлж явдаг. Тиймдээ ч манай нутгийнхан сэтгэл нь цатгалан улс” гэж ярьсан юм. Үнэхээр сэтгэл цатгалан улс гэж байдаг байх. Хүн тавхан үгэндээ танигддаг даа. Онцолж яримаар байгаа хүн маань ч яг ийм.
Түүнийг Дэмбэрэлваанчигийн Балдан гэдэг. Ямар сайхан нүүрний буянтай залуу вэ, харах нь ээ л инээж явна. Сайхан ч инээнэ. Ажлын хэсгийнхэн өдөрт хоёр суманд уулзалт хийсэн болохоор хугацаа давчуу явлаа. Давчдан яарч явахад юу эс тохиолдох билээ, олон хүнээс янз бүрийн л ааш гарна. Д.Балданг ажаад л явлаа. Уужуу юм. Аливаад бачимдаад байдаггүй бололтой. Хүнийг танья гэвэл бусадтай яаж харьцдагаас нь их зүйл мэдэж болдог. Бидний ажлын хэсэгт Улсын их хурлын гишүүн ч байна, намын бүлгийн зөвлөх залуус ч байна, жолооч, туслахууд ч байна. Хамгийн чухал нь ард иргэд. Ахмад настанд яаж хандаж, аймгийн засаг дарга нартай яаж мэндэлж байгаагаас нь би энэ залууг их хүндэлсэн юм.
Дэлгэрхаан суманд уулзалт дуусч байлаа. Саарал дээлтэй жижигхэн эмээ нуруугаа бөгтийлгөж духаа саравчлаад л зогсоод байна. Соёлын төвийн танхимд хүмүүс бужигнаад үүд рүү гарах урсгал битүү. Иргэд олноор цугларч байгаагаас харахад энэ хүмүүсийн үгийг сонсох, үгээ хэлэх хэрэгцээ их байгаа нь илт. Энэ шуугиан дотор нэг эргээд харвал жижигхэн эмээ өлмийгөө өргөөд ч хүрэхгүй байна уу гэлтэй Д.Балданг үнэрлэж зогсоно. Хамаатан садан нь юм болов уу гээд очтол үгүй. Өвөл манай суманд цас эрт ороод зуд болох төлөвтэй, би чинь гаднаа хэдэн муу үнээтэй. Тэгсэн энэ хүү ирж манай сумынханд өөрийнхөө компанийн малын эм тарианаас өгөөд явсан юм. Эмээ нь тэгэхэд баярлалаа ч гэж хэлж чадаагүй, олон хүн ирээд, дор бүрнээ аваад л харьсан. Тэрэн шиг тус дэмтэй юм байсангүй шүү. Үхсэн малын араас өвс тэвэрч ирээд ямар босгоод ирэх биш. Өгье гэсэн сэтгэлээр өгвөл юм тусаа өгдөг юм шүү дээ” гэв.
Би ажил эхлэхэд л өөрөөс нь онцлох сэдвүүд асуусан. Тэгэхэд Д.Балдан энийгээ ч хэлээгүй. Эмээгээс л мэдлээ. Өнгөрсөн 11 сард цаг хүндрэх нь гэж учир мэддэг хүмүүс яриад байхад улсын нөөцөө хэрхэн бэлдэж, ямар бодлогоор энэ өвлийн цагаан зудыг хохирол багатай давах вэ гэж төр арга хэмжээ аваагүй байхад энгийн нэг бизнесмэн залуу тэрбум шахуу төгрөгийн эм тариагаа үнэгүй тараачхаад яасан өөрийгөө сурталчилж мэддэггүй юм бэ” гэж би толгой сэгсэрлээ. Харин хэргийн эзэн маань “За тэрийг нэг их бичээд яах вэ, хүнд тусалчхаад би тусалсан шүү гээд байх муухай” гэх.
Эр хүн олонтой явах сайхан. Очсон сум бүрт танихгүй хүн ч гэж алга. Ялангуяа ахмадууд “Буянтай хүү” гэж хайрлах юм. Тэр учир болбоос 1990-ээд оноос монголын уянгын дууны хаан гэгдэж явсан солгой Төмөрхуяг агсанг орон байртай болгож, насных нь бөгсөнд сэтгэл дүүрэн амьдруулсан гавьяа юм билээ. Сүүлийн жилүүддээ тэрээр ядруухан амьдарч явахад нь төр шагналд тодорхойлохгүй, ард түмний гавьяат гэдэг цолоор сэтгэлээ зогоож явсан үе байв. Дөнгөж сургуулиа төгссөн залуухан хүү нутгийн ахыгаа хайрлаж, хамтарсан тоглолт хийж, орлогоороо байр авч өгнө гэж зоригложээ. Тоглолт ч сайхан болж, солгой Төмөрхуягийн дуу хоолойг санасан олон хүний сэтгэлийг баясгаж, алдарт дуучин маань ч амьдралдаа мөрөөдөж явсан тоглолтоо хийж. Төр ч алгаа тэнийж МУГЖ болгов. Харин тоглолтын орлого нь байрны үнэд хүрсэнгүй. Амласандаа хүрдэг эр хүн байх ёстой гэсэн өөрийнхөө бодолд нугарахгүйн тулд унаж явсан машинаа зарж, ээжээрээ тэтгэврийн зээл авахуулчхаад ахдаа түлхүүрийг нь атгаад очиж байв.
Хорин хэдхэн настай залууд тухайн үедээ амар байгаагүй ч хорвоод нэгэн хүмүүний сэтгэлийг дүүрэн буцаасан буян багадахгүй бизээ. Бусдын төлөө гэсэн сэтгэл хүнээс хүчилж гардаггүй, дотроос урсаж гардаг гэдгийг энэ залуугийн тухай сонсох бүртээ мэдэрч явна.
Түүний өндөр эмэг Удга гэж айхтар хөгшин байжээ. “Миний хийсэн энэ насны буян хүрвэл хойд насандаа би алтан гургалдай болж төрнө өө” гэсэн юм гэдэг. “Нээрээ л тэгээд миний хүү ирсэн” гэж ээж нь ярьсан юм. Бурхан хамгийн хайртай хүнээ дуучин болгодог гэдэг ч хоолойн чадлын хажуугаар сүрхий сийрэг бизнесмэн болох толгой, зориг зүрхтэй улс төрч болох өгөгдөл бас байна. Хувь тавилан, заяа төөрөг, урьд хойдын буян гэж үнэхээр байдаг ч юм болов уу.
Тэднийх 3 охинтой. Эхнэр нь Булган нутгийн бүсгүй. Нөхрийнхөө тухай “үйл хэрэг нь ямар үр дүнтэй байхаас үл хамааран би түүний аливаа шийдвэрт хэзээ ч эргэлзэж тээнэгэлзэж байгаагүй. Улс орныхоо төлөө гаргаж чадах сэтгэл, зүтгэл бүхнийх нь ард би үргэлж байх болно” гэж эрс шулуухан хэлдэг сайхан ханьтай юм билээ. Хувийн бизнес нь хөлөө олчихсон. Хурдан морины тэжээл, ивомек, цагаан тариагаар нь малчид андахгүй.
Д.Балдан энэ удаагийн УИХ-ын сонгуульд цоо шинэ хүн. Харин улс төр түүний хувьд цоо шинэ зүйл биш гэдгийг би Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн бүх суманд хийсэн олон уулзалтуудын араас сонсож, ажиглаж, дүгнэж суусан хүний хувьд хэлж чадна. Түүнд нэг тийм чин сэтгэлийн ХАРИЗМ бий. Шударга бус байдалтай эвлэрдэггүй, эрхтэн дархтан гэж айдаггүй, санасан зорьсон зүйлээсээ ухарч няцдаггүй. Гэлээ гээд давчдан бачуурч, омогдож түргэдсэн зангүй. Улс орны асуудлыг томоор харж чадах, томчуудын дүрмээр тоглож чадах, тэгээд мад тавиад хожчихож мэдэх олон нүүдэлт МОРЬ юм билээ.
Хэнтий аймгийн шүтээн болсон Өндөр хаан уулын оройгоос мянган уулын орой харагддаг гэнэ. Тал нутгийн хүн яагаад тайван уужуу байдгийг би сая ойлголоо. Хаанаас нь гарвал хавь ойроо дээрээс нь харж болохыг, яаж амьдарвал мянган уулын орой шиг нэгнээ түшиж болохыг ухаарчихсан байдаг юм байна.
БАЛДАНГИЙН СОНГУУЛИЙН ШТАБ