Л.Гантөмөр: Эрх баригчдад хариуцлага тооцох ёстой

0

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Дундговь аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. Эл уулзалтын өмнө тэрбээр УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт тус намаас нэр дэвшиж буй Г.Ганбаатар, Р.Сэддорж, Л.Одсэр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Н.Энхбат нартай цуг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Уулзалтын үеэр Л.Гантөмөр “Долоон нэр дэвшигч маань Ардчилсан намын хувьд уураг, тархи нь гэдгийг хэлмээр байна. Манай намын Улс төрийн зөвлөлийн гурван гишүүн энэ тойрогт нэр дэвшиж байгаа. Бид уулзалтдаа ирэхээс өмнө Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсны хөшөөнд цэцэг өргөж, Дундговь аймгийн хөгжлийн төлөө зүтгэнэ гэж тангараг өргөлөө.

Манай Г.Ганбаатар бол цэргийн хүн. Цэргийн сургууль төгссөн. Энэ цагт говио аврахын тулд Монголын говийг дэлхийн энергийн төв болгоно. Үүний төлөө Г.Ганбаатар маань зүтгэнэ. Г.Ганбаатар хэлсэндээ хүрнэ гэдгийг та бүхэнд хэлье.

Р.Сэддорж бол “тооны” хүн. Би өөрөө Монгол Улсын математикийн олимпиадын мөнгөн медальтай, тоо гадарладаг хүний хувьд нэг зүйлийг тэмдэглэмээр байна. Тоо үнэн байдаг. Р.Сэддоржийн амнаас гарч буй үг бүр үнэн байх болно гэдгийг баталж хэлье. Нэр дэвшигчид маань говийг хөгжүүлж чадна аа.

Би 31 настайдаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэдэг лүгээ даруу төлөв Р.Эрдэнэбүрэн говийн хүү голдоо нартай гэдгийг харуулж 30 настайдаа УИХ-ын гишүүнээр надтай цуг сонгогдож байсан. Нутгийнхаа төлөө ажиллаж, зүтгэж буй, миний дэд дарга нэр дэвшиж байгаа шүү. Түүнд нэг сайн чанар бий. Эхэлснээ заавал дуусгадаг. Өнөөдөр дэлхий хоёр хуваагдаж буй. Магадгүй дэлхийн дараагийн том тулаан эхлэх гэж байгаа. Бид Европ руу гарахын тулд Турк улстай сайн харилцаатай байх ёстой. Манай Р.Эрдэнэбүрэн бол Турк улс руу нэвтэрдэг Монголын нэг том “гарц” болно.

Монголын говь мэгшин уйлж байна. Говь хэчнээн уйлавч нулимсгүй болжээ. Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар аймгаар явлаа. Гол горхи гэж алга болж, хүн амьдрах аргагүй болсон байна. Бид говио алдсан байна. Говь нутгийг аврахын төлөө Л.Мөнхбаясгалан зүтгэнэ. Бид говио хөгжүүлэхээсээ өмнө говио аврах хэрэгтэй болчихсон. Говьчууд минь сэрээрэй, Монгол даяараа ардчилал сэрж байгаа. Говио бүгдээрээ аваръя” хэмээн өгүүлэв.

Мөн тэрбээр “Манай Ц.Мөнхбат инженер, программист хүн. Инженерүүд Монголыг хөгжүүлнэ. Бид Монголынхоо ард түмэнд ганц зүйл хэлж байгаа. Монгол төр хэтэрхий улс төрждөг болсон. Монгол төр хэтэрхий популизмд живж байгаа. Монголчууд өнгө, мөнгөнд хавчигдсан. Хуулийн засаглалгүй болсон. Бид үүнийг, МАН-ын алдааг засахын тулд 4 жил ажил хийх боломж олгооч ээ гэж ард түмнээсээ гуйж байгаа. Бид Монголд үйлдвэрлэл бий болгоно. Тиймээс Ц.Мөнхбат шиг олон инженер сонгогдох ёстой шүү.

Би Монголыг үйлдвэрлэгч орон, залуусаа ажилтай болгохын төлөө 1000 инженерийг Японд сургасан. Японы гурван сургуулийг Монголд байгуулсан. Би яагаад Германы технологийн сургуулийг байгуулсан бэ. Монголд үйлдвэрлэл хөгжиж байж залуучууд өндөр цалин авна. Энэ сонгуулийн дараа монголчууд баялгаа түүхийгээр нь зардаг биш, дотооддоо үйлдвэрлэж, үнэ цэн бий болгодог ард түмэн болно. Үүний төлөө бид хамтдаа зүтгэнэ.

Л.Одсэр бол математикийн багш, “тооны”, бас цэргийн хүн. Хэлсэндээ хүрдэг. Яагаад говийн хүнээс “Чинээлэг малчин” гэсэн үг гарсан юм бэ. Мал нь уух усгүй болсон учраас ийм үг гарсан хэрэг. Засаг даргаар ажиллаж байхдаа ард түмэн ядуу байгааг хараад зүрх нь шимширч, яавал тэднийг орлоготой болгох вэ, яавал мал нь уудаг устай болох вэ, яавал мал нь өгөөжтэй болох вэ, яавал малчдын амьдрал сайжирч, үр хүүхэд нь аз жаргалтай болох вэ гэж бодож “Чинээлэг малчин” хөтөлбөрийг гаргасан.

Манай Н.Энхбат бол эдийн засагч, олон банкийг удирдаж байсан. Монголын санхүүгийн салбарыг босгож ирэх хүн шүү. Бид нэг зүйлийг хүсэж байгаа. МАН хоёр удаа үнэмлэхгүй ялж, сөрөг хүчингүй Монголыг удирдсан. Хэдийгээр эсрэг нам ч гэлээ тэднийг Монголыг хөгжүүлэх байх гэж горьдлогын нүдээр 8 жил харсан. Харамсалтай нь 8 жилийн хугацаанд ядуурал улам гаарч, ажилгүйдэл нэмэгдлээ. Бараа, бүтээгдэхүүний үнэ улам өсөж байна. Монгол төгрөг “цаас” боллоо. Монголын боловсрол доройтлоо. Эдийн засаг сөхөрч байна. Тиймээс монгол төрийг хүчирхэг болгохын тулд бид энэ удаагийн сонгуульд хүчирхэг монгол хүн бүтээх, эрчимт хөгжлийн төлөвлөгөөтэй оролцож байна. Оюунлаг, эрүүл чийрэг, ажил, орлоготой, орлого нь амьдралд нь хүрэлцдэг, зорилготой, зоригтой, эрх чөлөөгөө эдэлж, үзэл бодлоо илэрхийлж чаддаг хүнийг хүчирхэг монгол иргэн гэж хэлнэ. Иргэдээ ажил, орлоготой болгохын тулд Монголын эдийн засгийг босгож ирэх хэрэгтэй.

Өнгөрсөн 8 жилд МАН ямар ч асуудлыг шийдээгүй. Харин ч асуудлууд улам ужгирч байна. Бид сонгуулийг шударга явуулахыг, бодлогоо уралдуулахыг хүсэж байгаа. Яаж монгол төр хүчтэй болох вэ, яаж Монгол ажил хийж амьдардаг улс болох вэ, яавал бид улс шиг улс болох вэ гэдэг мэтгэлцээнийг хүсэж байгаа. Харамсалтай нь эрх баригчид ардчиллынхныг гутаан доромжилж, гүтгэж, эрээ цээргүй дайрч, мөнгөөр худалдаж авах, хүч түрэх гэж оролдож, шударга бус бүх аргыг хэрэглэж байна. Сонгуулийн сурталчилгааны үлдсэн өдрүүдэд МАН-ын зүгээс улам их гүтгэнэ. Монголчууд минь эрүүл саруул ухаанаар саналаа өгөөрэй гэж хүсэж байна. Эрх баригчдад хариуцлага тооцсон сонгууль болох ёстой. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэсэн үг бий. Ээлжилж байхгүй бол энэ хүмүүс вакумд орж, амьдралаас холддог юм байна. Амьдрал ямар байгааг тэд олж харахыг хүсэхгүй байна. Та бүхэн шударга ёсны төлөө дуу хоолойгоо өндөрт өргөөрэй” хэмээн уриалав.

Ардчилсан намынхан хуульд заасан хугацаанд багтаан уулзалтаа дуусгасан юм. Хэдий үдэш болсон ч Чагдаржавын талбайг дүүргэн цугларсан иргэд тэднийг дэмжиж буйгаа илэрхийлж, уулзалтад идэвхтэй оролцлоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *