“Олборлолтоос оюун санаа руу-Шинэ 30 жил” сэдэвт чөлөөт уулзалт, хэлэлцүүлэг боллоо
“Олборлолтоос оюун санаа руу-Шинэ 30 жил” сэдэвт чөлөөт уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2024-06-15/ боллоо. Технологийн салбарт дэлхийд өрсөлдөж буй энтерпренер, зохион бүтээгчид, цахим шилжилтийг түүчээлж яваа мэдээллийн технологийн инженерүүдийн төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлгийн панелистаар УИХ-ын сонгуулийн X тойрог, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж буй, Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал болон МАН-ын жагсаалтаар нэр дэвшиж буй хувийн хэвшлийн болон IT салбарын төлөөлөл болсон “ОНДО Спэйс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Анар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар оролцлоо.
Уулзалтын эхэнд хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн хөтлөгч Манди зочидтой мэндчилснээр Дэлхийн банкны Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Тэмүүлэнг хэлэлцүүлгийн модератороор урьсан юм.
Мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжил, цаашдын ирээдүйн чиг хандлага, монгол залуучуудын боломж, хууль эрх зүйн орчны талаарх чөлөөт хэлэлцүүлгийг салбарын сайд Н.Учрал нээж үг хэлсэн.
Тэрбээр “Бидний төдийгүй дараагийн залуу үеийнхний хүсэж байгаа ирээдүй бол уул уурхайгаас оюун санааны эдийн засагт шилжих. Тийм ч учраас 2030 он гэхэд мэдээлэл технологи, оюун санааны бизнесийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг 10 орчим хувьд хүргэхийг бид зорьж байна. Ингэснээр эдийн засгийн өсөлт айл өрхийн хаалгаар орж, шууд нөлөөлдөг болно” хэмээн онцлоод “Технологийн салбарынхны бизнесийг бодитоор дэмжих, төр хутгалдахгүй байх, зарим чиг үүргээ тэднээр хийлгэх, төрийн бодлогын цөмд авчрахын тулд өнөөдрийн Засгийн газар бүх боломж бололцоогоо дайчилж ажилласан. 2019 оноос Л.Оюун-Эрдэнэ сайд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа улс төрийн манлайлал үзүүлснээр УИХ-д Цахим бодлогын түр хороог байгуулан, Цахим хөгжлийн зөвлөл ч ажиллаж эхэлсэн. Үр дүнг нь үзсэн учраас Түр хороог Байнгын хороо болгож, миний бие даргалан ажилласнаар цахим хөгжлийн салбарын таван хуулийг батлуулсан. Улмаар 2021 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг бие даан байгуулснаар миний бие мөн анхны сайдаар нь ажиллаж байна. Ингээд өнөөдөр Mining to mind концепц маань агаарын биш амьдралд хамгийн ойрхон сэдэв болчихоод байна. Энэ цаг мөчид Ч.Анар, Д.Энхтүвшин нар маань МАН-ын жагсаалтыг тэргүүлж орж ирж байгаад баяртай байгаа. Учир нь цахим хөгжил, харилцаа холбооны салбарын мэргэжлийн төлөөлөл парламентад орж ирэх боломж бүрдэж байна. Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болох нь мөрөөдөл бус бодит ажил болох цаг ойрхон болсон. Энэ ажлыг мэргэжлийн талаас нь олж хараад, гардан хийх, парламентын гишүүдэд мэргэжлийн талаас нь зөв ойлголт өгөх, инженерчлэлийн сэтгэлгээгээр үүнийг удирдах хүн бол Ч.Анар. Парламентад ороод таны хийх эхний ажил хиймэл дагуул байх болно. Миний хувьд мэдээж дэмжлэг үзүүлж ажиллана” гэв. Мөн бизнес, баялаг бүтээсэн хувийн хэвшлийн төлөөлөл ороод ирэхээр цаашдаа шинэ хөрөнгө оруулалт татах, шинэ санхүүгийн арга хэрэгслийг бий болгоход Д.Энхтүвшингийн хичээл зүтгэл парламентад чухал үүрэгтэй гэдгийг тодотголоо.
IT салбарынхны чөлөөт уулзалтад хүрэлцэн ирсэн залуучуудын зүгээс МАН мөрийн хөтөлбөртөө Хиймэл оюун ухаан, төрийн их өгөгдлийн шинжилгээ хийх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулна. Үндэсний баялгийн сангийн нэгээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зориулж, эдийн засгийн салбаруудын бүтээмж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ. Төрөөс иргэн, бизнест үзүүлж буй гол үйлчилгээнүүдэд процессын шинжилгээ хийж цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглах, автоматжуулах боломжийг тодорхойлж, үйлчилгээ авах хугацаа болон үе шатыг хоёр дахин бууруулна гэж тусгаад зогсохгүй энэ ажлыг парламентад манлайлж ажиллах салбарын шилдгүүдийг жагсаалтдаа оруулж баталгаажуулсан нь энэ удаагийн сонгуульд МАН-ыг дэмжих шалтгаан болж байна гэдгийг онцолж байлаа.