Б.Тулга: Төвийн бүс нь Монгол Улсын хүнсний хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой
Төвийн бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт МАН-аас нэр дэвшиж буй Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгатай ярилцлаа.
-Та энэ бүсэд нэр дэвшихээр шийдсэн тань сонирхолтой байна?
-Танд болон энэхүү ярилцлагыг уншиж буй Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нийт ард иргэдийн түмэн амгаланг айлтгая. Би Дархан-Уул аймагт төрж, өссөн. Ажлын гараагаа ч Дархан-Уул аймгийнхаа “Дархан” дээд сургуулиас эхэлж байлаа. Төвийн бүс нь Монгол Улсын тэргүүлэх бүсүүдийн нэг, өрсөлдөх чадвараар Дархан-Уул аймаг гурав, Сэлэнгэ аймаг долоо, Төв аймаг 12-т эрэмбэлэгдэж байна. Цаашид улсдаа төдийгүй дэлхийн хэмжээтэй өрсөлдөх боломж, бүрэн бололцоотой бүс нутаг Төвийн бүс нь Монгол Улсын хүнсний хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой.
МАН-ын 2024 оны ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөр “Бүсчилсэн хөгжлийн реформ” батлагдсантай уялдуулж, Дархан, Сэлэнгэ, Төв аймаг нэг бүс нутаг буюу эдийн засгийн нэг бүс болгож хөгжүүлэхэд анхаарч ирлээ.
Үүний тулд өөрийн хариуцаж буй чиг үүрэг болох Боомтын хөгжлийн II үе шатыг үргэлжлүүлж, Алтанбулаг боомтыг “Боомт хот” болгон хөгжүүлж, санхүүжилт менежментийн хувьд бие даасан болгох, ингэснээр ОХУ-руу Сэлэнгэ, Төв аймгуудын ХАА, газар тариалангийн бүтээгдэхүүний экспортын гарцыг нэмэгдүүлэх боломжтой юм. Дархан хот нь цаашид хүнд, хөнгөн үйлдвэрийн төв болоход түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээний дэд бүтэц, тээвэр логистикийн зангилаа учир хуурай боомт байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ бүс нутаг Монгол Улсын эдийн засгийн хувьд нөөц, газар зүйн байршлын хувьд өндөр ач холбогдолтой тул өөрийн хариуцаж буй чиг үүрэг болох Боомтын хөгжлийн II үе шатыг хэрэгжүүлж, бодитой үр дүнгийн төлөө энэ бүсийг сонгон нэр дэвших хүсэлтээ өгсөн.
-Төвийн бүсийн хөгжилд таны тэргүүлж байгаа чиг үүрэг үнэмлэхүй үүрэгтэй юм байна. Ер нь Боомтын асуудал эрхэлсэн чиг үүргийн тухай та сонгогчдод мэдээлэл өгнө үү?
-Боомт нь 1990-ээд оноос өмнө хил зөрчихтэй холбоотойгоор зөвхөн хяналт, хамгаалалтын үүрэгтэй ажиллаж, хилийн байгууллага удирдан зохицуулж ирсэн. Түүнээс хойш чөлөөт худалдаа, зах зээлд нэвтэрлээ гэдгээр гаалийн байгууллага өнөөдрийг хүртэл хяналт тавьж, татвар хураах байдлаар ажиллаж ирсэн. Энэ хооронд менежмент нь орхигдсон. Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний арван жил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Шинэ сэргэлтийн одоогийн нэг онцлог нь бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгаж, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн дараагийн шатанд гаргаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санаачилга, ур чадвар, туршлагыг Монгол Улсын хөгжлийн цөм хэмээн үзэж буй явдал юм. Энэхүү бодлогын зорилго нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Тиймээс Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан хүчин зүйлийг тодорхойлсон.
Түүний нэг нь боомтуудын өмнө тулгарч байсан асуудлуудыг шийдэхээр Боомтын сэргэлтийг зарласан.
Боомтын сэргэлтийн үндсэн зорилго бол боомтоор дамжин хийх худалдааг дэмжих, хөнгөвчлөх, боомтоор дамжин бизнес эрхэлж буй иргэд аж ахуйн нэгжүүд аль болох ахиу ашиг орлого олох, улмаар боомт нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бүтэц, чадавхтай болж, эдийн засгийн өсөлтийг эрс нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Мөн олон улсын худалдааны нэвтрүүлэлт, түгээлт, тээвэр логистик, төлбөр тооцооны талаарх дотоодын дүрэм журам стандартыг зохицуулах салбар хоорондын уялдааг хангах шаардлагатай. Тиймээс боомтын сэргэлтийн бодлогыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр тодорхойлоод байгаа.
-Монгол Улсын хувьд далайд гарцгүй. Энэ утгаараа таны хэлсэнчлэн асуудлуудыг шийдвэрлэж чадвал ямар үр дүн гарах, бидний өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтой юу?
-Яг зөв. Далайд гарцгүй, газар зүйн хувьд алслагдсан, өргөн уудам нутагтай манай улсын хувьд гадаад худалдааг хөгжүүлэх чиглэлд ихээхэн анхаарах хэрэгтэй. Олон улсын болон дотоодын худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Худалдааны хууль, худалдааны дэд бүтцийг сайжруулах чиглэлээр Боомтын хууль боловсруулах шаардлага байгаа. 2016 оны зургаадугар сарын 23-ны өдөр Ташкент хотноо болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Монгол-Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан Үүнд,
- Төмөр замын төв коридор (Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд)-ийг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах эдийн засгийн үндэслэлийг судлах,
- Азийн автозамын сүлжээний АН-3 (Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд) чиглэлийн дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны автозам барих, эдийн засгийн үндэслэлийг судлахаар тохиролцсон. Авто замын сүлжээ одоо үндсэндээ хэрэгжээд байна.
Хөрш орнуудтай хөндлөн босоо чиглэлийн төмөр замын холболтуудыг нэмэгдүүлж, 3223 км төмөр замыг байгуулахаар манай намын мөрийн хөтөлбөрт орсон. Төмөр замын машинистын хүү миний бие төмөр замын салбарын хөгжилд анхаарч байгаад хувьдаа их баяртай байна.
Эдийн засгийн коридорын манай төвийн бүсээр дайран өнгөрч байгаа. Энэ бол хөгжлийн том боломж, Монгол Улс тэр дундаа төвийн бүсийн хувьд өнгөрсөн онд ОХУ болон БНХАУ-ууд 240 тэрбум долларын худалдаа эргэлт хийсэн. Энэ худалдаа эргэлтийн тодорхой хувьд манай улсын нутгаар дамжин хийгдэхэд нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Цаашид шинэ төмөр замуудыг хөрш орны төмөр замтай таван гарцаар бүрэн холбож, ачаа тээврийн урсгалыг сайжруулж, транзит тээврийн улс болгохоор тусгасан.
Өөрөөр хэлбэл, манай улсын нутгаар дамжин өнгөрөх ачаа бүрээс ашиг хүртэх боломжийг бүрдүүлнэ гэсэн үг юм.
-Манай зүгээс энэхүү бололцоог ашиглаж, иргэдийнхээ амьдралд шууд дэмжлэг болох боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ?
-Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд нэгдүгээрт, 2022-2024 онд боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, боомтын менежментийг сайжруулах “5Э” стратегийг 2025-2028 онд хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, 2029 оноос хойш Боомтыг хөгжүүлэхдээ олон улсын худалдааны бодлогыг бүсийн хөгжил, бүс нутгийн эдийн засгийн интеграцтай уялдуулан төлөвлөх нь чухал юм.
Ганцхан жишээ хэлэхэд, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумдын нутаг байгуулах ган үйлдвэрлэлийн Дархан технологийн паркийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн уурхайд нөөцөд тулгуурлан үйлдвэрүүдийг байгуулан кластер хэлбэрээр хөгжүүлэх боломж бүрдэнэ. Гарсан бүтээгдэхүүнийг нь эцсийн бүтээгдэхүүн дагаж хөгжих үйлдвэрүүдийг хувийн хэвшилтэй хамтран байгуулж, хэвийн хэвшлүүдийг дэмжих замаар эдийн засаг, үйлдвэржүүлэлтийг дэмжин ажиллана. Энэ бол ажлын байр, ажлын байрыг дагаад иргэдийн амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ. Мэдээж эцсийн бүтээгдэхүүнийг нь экспортлох зэрэг боомтын сэргэлтийн бодлого голлох байр суурьтай гэдэг нь тодорхой.
-Дархан-Уул аймгуудын хувьд нэлээд олон ажил төлөвлөжээ. Тэгвэд бүсийн бусад аймгуудад чиглэсэн ямар ажил төлөвлөсөн байгаа вэ?
-Мэдээж ирээдүйд төдийгүй одоогоос үр ашгаа өгөх томоохон бүтээн байгуулалтууд, төсөл хөтөлбөрүүд, бодлогын чанартай хэрэгжинэ. Танд дахин сануулахад, эдийн засгийн коридор маань төвийн бүсийн бүх аймгаар дайран өнгөрдөг. Монгол Улс агаарын замын зургаан боомттой бөгөөд үүнээс “Чингис хаан”олон улсын нисэх буудал үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл саяхан энэ “Чингис хаан” нисэх буудал дөрвөн одтой болж, дэлхийн шилдэг 100 нисэх онгоцны буудлын нэгээр тодорлоо. Энэ нь иргэдэд болон жуулчдад тун таатай мэдээ. Цаашлаад Төв аймгийн Хөшигийн хөндийд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг байгуулна.
Мөн орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх, тохиромжтой зургаан байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжихээр мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Сэлэнгэ аймгийн тухайд Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажил 2020 оноос эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нэгдүгээр хэсэг буюу ачаа тээврийн хэсгийг ашиглалтад оруулаад байна. Улмаар Алтанбулаг хилийн боомтын барилгын хоёрдугаар ээлжийн буюу зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил ид өрнөж байна. Бүтээн байгуулалтын ажлын явц одоогоор 77 хувьтай байна.
Нийт сонгогч нартаа өөрийн хариуцсан чиг үүргийн хүрээнд хийсэн ажлууд болон хийхээр төлөвлөж буй ажлуудын тухай ойлгомжтой мэдээлэл өгсөнд баярлалаа. Удахгүй УИХ-ын гишүүний байр сууриас дахин ярилцлага авахаар уулзахын билэгтэй сайхан ерөөл дэвшүүлье.
-Ерөөл бат оршиг ээ. Баярлалаа
ЭХ СРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН