ГУТАЛ #28: Хэрвээ би УИХ-ын гишүүн болбол…

0

Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий…

Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой…Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.

Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк.

Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий…

Энэ цагаан пүүзний эзэн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа. Хархорин захын орчим сонгуулийн сурталчилгаагаа хийж явахад нь түүнтэй таарлаа. Хүмүүс түүнийг төдийлөн танихгүй байна гэнэ. Тэр дундаа ахмадууд толгой сэгсэрч “Гэхдээ яах вэ, нүдэнд дулаахан л онигор хүү байна” гэж бас ч гэж дэмтэй үг унагаж байх юм гэнэ. 

Энэ удаагийн “ГУТАЛ“-аар ер нь хэнд, яагаад УИХ-ын гишүүн болъё гэдэг бодол төрдөг юм бол гэдгийг сонирхож, нэр дэвшигчийн араас хөөцөлдлөө.

Энэ цагаан пүүзтэй эр 33 настай. Канадад ахлах сургууль төгсөж, дараа нь АНУ-ын Колорадо дахь Денверийн их сургуульд Улс төр, эдийн засгийн шинжлэх ухааны мэргэжил эзэмшиж, бакалаврын зэрэг хамгаалжээ. Денверийн их сургууль чинь чансаа хэр өндөр билээ гэж сонирхвол ямартай ч 1864 онд байгуулагдсан, 160 жилийн түүхтэй ранкаараа дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд багтдаг юм байна.

Төгсөөд “Вагенландер Хэйстеркамп” гэх хуулийн фирмд Вагенландер гэдэг өмгөөлөгчийн туслахаар ажилласан байна. Вагенландер гэж хэн юм бол?

Тэр АНУ-ын Орон сууц, хот төлөвлөлтийн яаманд өмгөөлөгчөөр ажиллаж байсан. 1991 онд анх Монголд ирсэн, зорилго нь Денвер, Улаанбаатар хотуудыг холбох, нөхөрсөг харилцааг тогтоох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх байсан бөгөөд үүнийгээ ч хийж. 1999 оноос Денвер хот дахь Монгол Улсын өргөмжит Консулоор ажиллаж байсан хүн юм байна. Манай цагаан пүүзний эзэн энэ хүний туслахаар ажиллаж байж.

Монголдоо ирээд хувийн компанид Стратегийн менежмент хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, тэгснээ телевизэд гадаад мэдээ болон өглөөний нэвтрүүлгийн хөтлөгчөөр ч ажиллаж үзжээ. Харин 2014 оноос өөрийн бизнесээ эхлүүлсэн байна.

Анх бизнесээ эхлэхдээ 23 нас арай хүрээгүй байсан, банкнаас зээл олдоогүй. Иймд ББСБ-аас сарын 4 хувь, жилийн 48 хувийн хүүтэй зээл авчээ.

Монгол Улсын байгаа байдал л энэ. Азаар бизнес маань хүүхдүүдэд хэрэгтэй байсан учраас босоод ирсэн. Түүнээс олон бизнес босоогүй байхгүй юу. Маш олон залуус новшийн тогтолцоо, жаахан мөнгөнөөс болоод мөрөөдлөө биелүүлж чаддаггүй” гэж тэр гоморхмоор болов.

2018 он. УИХ-ын гишүүд ЖДҮ-ийг дэмжих сангийн мөнгийг хууль бусаар хуваагаад зээл нэрээр авчихсан. Тэр мөнгөө зориулалтын бусаар ашиглаж, банк бус санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулж, мөнгө угаадаг гэх дуулиан ар араасаа хөврөв.

Тэр үед залуу бизнес эрхлэгч бодож л дээ “Жирийн нэг залуу жилийн 48 хувийн хүүтэй зээл ББСБ-аас аваад л. Гэтэл УИХ-ын гишүүд  хэд дахин бага буюу 3 хувийн хүүтэй зээл аваад, тэр мөнгөөрөө ББСБ ажиллуулаад бидэнд 48 хувийн хүүтэй зээлж биднийг хүүлж байна шүү дээ”.

УИХ-ын гишүүн болох сэдэл эндээс төржээ. Гэхдээ тэнд очиж ингэж авч, амьдарч болох юм байна гэдэг биш “Яаж ийм зүйл байж болдог юм бэ” гэдэг цээж хорсгосон хөндүүр бодол байж.

2020 он. Коронавирус дэгдэв, тэр АНУ-д 6 сар гацав. “Дэлхий дахинд яг адилхан асуудал тулгарсан. Гэтэл манайх байж болох хамгийн муу арга хэмжээг авсан. Би үүнээс өмнө төр, засагт хамгийн ухаантай хүмүүс ажилладаг гэж боддог байлаа. Гэтэл Google ашиглаад ч болтугай аятайхан арга хэмжээ авчхаж чадахгүй, хамгийн “мал” шийдвэрүүд гаргаж ард иргэдээ нас барахад хүргэж, эдийн засгаа дордуулсан. Энэ бол хүний эрхийн маш ноцтой, ичгэвтэр үйлдэл” гэж энэ удаад тэр уурлав.

УИХ-ын гишүүн болох хоёр дахь сэдэл ингэж төржээ.

Дараа нь, энэ улсад тендерийн хулгай хамгийн том асуудал юм байна гэж олж хараад тендер сонгон шалгаруулах процессыг хиймэл оюун ухаанаар шийдье. Даргын нөлөө 100 хувь үгүй болохгүй ч 3/2-ийг бууруулж болох юм байна гэдэг бодит шийдэл дэвшүүлжээ. Гэвч үүнийг дэмжээгүй. Тэгэхээр өөрөө дотор нь орж хийхээс өөр аргагүй юм байна гэх бодлоос УИХ-ын гишүүн болох гурав дахь сэдэл төрсөн гэнэ. Хэнд, ер яагаад УИХ-ын болох бодол, хүсэл төрдгийг сонирхвол ийм аж.

Тэгвэл УИХ-ын гишүүн болоод юу хийж чадах юм бол?.

Тэр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа. Энэ дүүрэгт хувийн сургууль байхгүй. Улсын сургуулиудын боловсролын чанар тааруу, сурагчид англи хэлний хичээлийн хоцрогдолтой гэдгийг хаа, хаанаа л ярьдаг, хүлээн ч зөвшөөрдөг. Цагаан пүүзний эзэн СХД-ийн хүүхдүүдийг англи хэлтэй болгож, чанартай боловсрол эзэмшүүлэхийн төлөө зүтгэх гэнэ. Тэр уг нь ч 1000 хүүхдэд англи хэл заагаад, өнөөдүүл нь гадаадын сургуулиудаас тэтгэлэг авч чаджээ.

Гэхдээ хувийн бизнес хийж байгаа хүн оффисоосоо гарч чаддаггүй юм байна. Дахиад байшин, сургууль барих, зээл авах гэвэл бүтэхгүй ээ.  Харин төрөөр тэр дэд бүтцийг нь шийдүүлээд 800 мянган төгрөгийн төлбөртэй сургалтыг 80 мянга болгоё л гээд байгаа юм. Сонгинохайрханд үүнийг хийж чадах юм бол Монгол Улсад үүнийг хийж чадна” гэж ярьж байна.

УИХ-ын гишүүн болбол хийх хоёр дахь ажил нь татварыг хөнгөлөх аж. Бизнес эрхэлдэг, ажил хийдэг ч бай бид өнөөдөр НДШ-д 26 хувь, НӨАТ 10 хувь төлж байна. Төр үүгээр буцаагаад юу хийж байна вэ.

77 төрлийн халамж л тараадаг юм билээ л дээ. Одоо жишээ нь автобусны буудлын тохижилт, гудамжны камерын засварын мөнгө төрийн “гараар” орох шаардлагагүй байхгүй. Хувьд нь хариуцуул л даа. Ингэвэл бидний  төлж байгаа НДШ 50 хувь буурч болно. Ээ, бурхан минь нуруунаас ямар том ачаа хөнгөрөх бол. Үүнийг 126 гишүүн батлах уу үгүй юуг би мэдэхгүй. Гэхдээ батлуулахын төлөө тултал лоббидно. Ийм зорилгоор л УИХ-ын гишүүн болох гэсэн юм” гэж тэр хэллээ.

Тойргийнхонтойгоо уулзаад алхаж явах нь  “Гишүүн болчхоод юу хийх юм” гэх асуултыг хамгийн түрүүнд тавьж байна гэнэ. Өнөөдөр Хархорин захын өмнөх жижиглэнгийн худалдаа эрхлэгчидтэй уулзахад зам, талбай чөлөөл гэдэг шаардлага хүргүүлж, хөөж тууж байгаа тухай учирлажээ. Шалтгаан нь нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх ёстой гэдэг үндэслэл.

Нийт дотор чинь энэ хүмүүс ордоггүй юм уу. Ямар улсын нийслэлд худалдаа, наймаа хийхийг хориглодог юм. Энэ чинь зах зээлийн зарчмаар шийдэгддэг юм, төр ороод юу хийж чадсан юм бэ, ер нь. Тэгэхээр УИХ-ын гишүүн болбол замаас чинь зайлаад өгье, тэгээд мөрөөрөө амьдрах, хүн хүссэн бизнесээ хийх боломжийг олгоё л гэж зорьж байгаа” гэж цагаан пүүзтэй эр ярив.

Төгсгөлд нь түүнээс “Та сонгогдож чадах болов уу” гэж асуувал “Сонгогдох байлгүй дээ. Найзууд, танилууд маань нэг ч төгрөгийн цалингүй бүтэн цагаар ажиллаж байгаа. Тэр хүмүүс юуны төлөө юм бэ, залуу үеэ гаргана гэсэн үзэл санаа, том итгэл үнэмшил байгаа.

Сонголт өөрчлөгдөхгүй бол амьдрал өөрчлөгдөхгүй. УИХ гишүүн, төрийн сайд, хотын орлогч, засаг дарга, сайд асан нэр дэвшсэн. Тэд тэгээд иргэдийг төлөөлөөд юу хийсэн юм бэ. Тэгвэл жирийн л нэг бизнес эрхэлж мөрөөрөө амьдарсан залуу нэр дэвшээд үзье л дээ” гэлээ.

Түүнийг Н.Амаржин гэдэг. Хүмүүс таныг “Алиалагч” гэж гоочлох, муулахын завсар үг хэлэх юм билээ гэвэл “Би уг нь төрийн ордонд биш тайзан дээр л комеди хийсэн шүү дээ. Сийрэг тархи хошигнодог гэж ярьдаг юм билээ” гээд инээнэ лээ.

Үнэтэй гялгар ботинктой, үндэсний дээлтэй хослуулж өмссөн арьсан хромтой, хөлд эвтэйхэн, энгийн углааштай гээд загвар, загварын гуталтай 1336 нэр дэвшигч энд, тэндгүй алхаж яваа. Ердөө 11 хоногийн дараа сонгуулийн санал хураах өдөр ирнэ. Тэр өдөр бид эдгээр гутлын эздээс зөв гэж бодсоноо дугуйлна.

Яг өнөөдөр бол сонгуулийн сурталчилгаа эд өрнөж нэр дэвшигчид айл айлын хаалга тогшиж, гудамжинд инээд алдаад танилцуулгаа тарааж явна. Гудамжинд гарч ирснийх алслагдсан гэр хорооллын аль нэг айлд орж аяга цай уугаад гараач гэж хүсмээр байна. Болбол автобусанд сууж хот тойрсон ч яах вэ дээ.

Гишүүн болохоосоо урьтаад амьдралыг зүрхээрээ мэдэрчихэд гэмгүй дээ, горилогчид минь.

Эх сурвалж: gogo.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *