Буриад улсын эмч мэргэжилтнүүд “УНТЭ”-т суралцана
ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Лудупова энэ оны хоёрдугаар сард манай улсад айлчлал хийсэн. Тухайн үед Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй (УНТЭ) хамтран ажиллахаар тохиролцсон билээ.
Энэхүү тохиролцооны хүрээнд ОХУ-ын Буриад улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд “УНТЭ”-т суралцаж, туршлага судлахаар ирлээ. Буриад улсын эмч нарыг “УНТЭ”-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал өнөөдөр /2024.06.17/ хүлээн авч уулзан, амжилт хүссэн юм. Буриад улсын эмч нарын багт мэдээгүйжүүлэг, ерөнхий мэс засал, хэвлийн хөндийн эхо, ходоод гэдэсний дуран, гастроэнтерологийн зэрэг чиглэлийн долоон эмч, эмнэлгийн мэргэжилтэн багтаж байна.
Буриад улс бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлж байгаа бөгөөд манай эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр 14 хоногийн хугацаатай суралцаж, туршлага судлах юм. Энэ удаагийн сургалт нь “УНТЭ”-ийн хувьд олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмнэлэг дээрээ хүлээн авч сургаж буй хоёр дахь удаагийн сургалт болж байна. Тодруулбал энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар УНТЭ дээр нэг сарын хугацаатай суралцаж амжилттай төгссөн билээ.