АН-ын нэр дэвшигчийн ухуулагч нар архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрэв үү
Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдад зодуулан амиа алдсан гэх хэрэг нийгмийн анхаарлыг татаж байна. Тэгвэл яг үүнтэй зэрэгцэн УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрогт нэр дэвшиж буй хуульч О.Алтангэрэлийн сурталчилгаанд ухуулагчаар ажиллаж байсан Б.Ч гэх 41 настай эрэгтэй мөн өнөөдөр өглөө учир битүүлгээр нас барсан гэх ноцтой мэдээлэл манай сайтад ирлээ.
Бид энэ талаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн албаны эх сурвалжаас тодруулахад “Хэрэг явдал энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө болсон. Хужирт сумын 1-р багийн нутаг “Дуутын гарам” гэх сумын төвөөс 10 км-ийн зайд байх газар болсон. Дуудлага мэдээлэл өнөөдөр өглөө 08.00 цагт ирсэн.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Их эмч Б.Алтанзулаас хүн нас барсан байдалтай ирлээ гэх дуудлага мэдээлэл Хархорин сум дундын цагдаагийн хэлтсийн 102 дугаарын утсанд ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалт явагдаж байна. Ил харагдах шархгүй энгэр рүүгээ бөөлжсөн байдалтай байсан учраас задлан шинжилгээнд оруулна. Талийгаач нь цахилгааны инженер мэргэжилтэй бөгөөд Булган, Хархориноос ирсэн 15 хүний хамт шон босгох, шинэ шугам тавих ажил хийгээд гурван шил архи уусан. Улмаар албаны фургон машиндаа жолоочийн хамт хонож, өглөө жолооч нь сэрээхээр дуудсан ч таталт өгч, ухаангүй байсан” гэлээ.
Амь хохирогч нь СЕХ-ны албан ёсны бүртгэлд нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагч гэх бүртгэлтэй байх бөгөөд түүний эхнэр Ц.Б нь О.Алтангэрэлтэй аравдугаар ангийг 1998 онд хамт төгссөн аж. Улмаар, 1998 оны төгсөгчид энэ сарын 15-ны өдөр цуглацгааж Хархорин суманд нэр дэвшигч О.Алтангэрэлийг дэмжих уулзалт зохион байгуулсан бөгөөд үүнд нэр дэвшигч өөрөө оролцоогүй ч жүжигчин “банш” буюу Д.Баттөмөр оролцжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар амь хохирогч тэрхүү уулзалтад мөн эхнэрийн хамт оролцож, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байгаа бөгөөд эхний мэдүүлгээр энэ нь нотлогдож байгаа гэх. Хэрвээ тийм бол АН-ын ухуулагч нар архидан согтуурч байгаад нэгнийхээ алтан аминд хүрсэн бололтой. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.