Зэсийн үнэ сүүлийн найман долоо хоногийн доод түвшинд очлоо
Дэлхийн зэсийн зах зээлд тэргүүлэгч БНХАУ-ын тавдугаар сарын эдийн засгийн дата мэдээлэл сул гарсны дараа зэсийн үнэ сүүлийн найман долоо хоногийн доод түвшинд очлоо. Лондоны Металлын биржид зэсийн үнэ 1.6 хувиар буурч, тонн нь 9587 ам.доллар болоод байна. Энэ нь дөрвөн долоо хоног дараалан унасан үзүүлэлт болж байгаа юм. Даваа гарагт танилцуулсан БНХАУ-ын эдийн засгийн дата мэдээллээс зэсийн эрэлт сэргэх эсэх нь эргэлзээ дагуулж байна. Хэдийгээр тус улсын жижиглэн худалдааны борлуулалт тавдугаар сард өндөр байсан ч үйлдвэрийн гарц, хөрөнгө оруулалт саарч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт гүнзгийрчээ. Ши Жиньпиний Засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтворжуулахад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ аваад байгаа ч илүү эрчимтэй арга хэмжээ авах шаардлага үүссэнийг тавдугаар сарын үзүүлэлт харуулж байна. Өнгөрсөн сард тонн нь 11 мянган ам.доллар буюу шинэ дээд түвшинд хүрээд байсан зэсийн нөөц нэмэгдэж, БНХАУ-ын эрэлт буурч байгаа зэргээс үнэ нь ийнхүү унаад байгаа аж.