Мөрийн хөтөлбөр: АН байгалийн хийн үйлдвэр, МАН 7 аж үйлдвэрийн парк барина
2024 оны УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ил болгосон. Нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөсөн энэ үед улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс цувралаар онцлон танилцуулж байна. Энэ удаа уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарт хийх ажлуудыг хүргэе.
АН НҮҮРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ҮЙЛДВЭР, МАН 7 АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК БАРИНА
МАН:
- Байгальд ээлтэй өндөр технологийн уул уурхай болон стратегийн ач холбогдолтой төслүүдийн хөрөнгө оруулалт, экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ.
- Оюутолгойн гүний уурхайг ашиглалтад оруулж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.
- Ашигт малтмалын салбарын ил тод байдлыг хангаж, уул уурхайн бүх төрлийн бүтээгдэхүүнийг биржээр арилжаална.
- Хөрөнгө оруулалтыг татах томоохон орд газруудын тоог нэмэгдүүлэхийн тулд геологи хайгуулын ажлын цар хүрээг өргөжүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулна.
- Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудын төслийг эрчимжүүлэн гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.
- Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно.
- Уул уурхайн нөхөн сэргээх ажлын хяналтыг сайжруулж, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтанд ногдуулах хариуцлагыг чангатгана.
Нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр
- Боловсруулах аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах урт хугацааны стратегийг боловсруулж, боловсруулах үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.
- Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж олон улсын стандарт хангасан авто бензин, түлшийг дотоодоосоо хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
- Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах хүнд үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн боловсруулна. Үүнд:
- Тавантолгойн ордыг түшиглэсэн кокс- химийн үйлдвэр;
- Хүрэн нүүрс боловсруулах, нүүрс химийн аж үйлдвэрийн парк;
- Зэс боловсруулах аж үйлдвэрийн парк;
- Дарханы төмөрлөг, арьс ширний аж үйлдвэрийн парк;
- Ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолбор;
- Жонш боловсруулах цогцолбор;
- Барилгын материал үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн парк тус тус барина.
- Стратегийн ач холбогдолтой төслүүдэд Үндэсний баялгийн сангаас хөрөнгө оруулалт хийж, үндэсний томоохон компаниудтай хамтран хэрэгжүүлнэ.
АН:
- Эрдэс баялгийн салбарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэн, дэлхийн эдийн засгийн ногоон шилжилттэй уялдуулсан мега төслүүдийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгоно.
- Бичил уурхайн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шаардлага хангасан зарим нөхөрлөл, хоршоог уул уурхайн олборлолтын аж ахуйн нэгж хэлбэрээр албажуулан хууль бус олборлогчдод тавих төрийн хяналтын тогтолцоог сайжруулна.
- Геологи, геохими, геофизикийн бүх төрлийн судалгааны ажлыг иж бүрнээр гүйцэтгэх чадавхийг бэхжүүлж, судалгааны арга аргачлал, зааврыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн заавар, аргачлалтай уялдуулан шинэчлэн боловсруулна.
- Ашигт малтмалын ордын үндсэн болон дагалдах эрдсүүдийг иж бүрнээр ялган авах, үйлдвэрийн хаягдал боловсруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг бодлогоор дэмжинэ.
- Уурхайн үйл ажиллагааны хяналт, нөхөн сэргээлт, хаалтын стандартыг олон улсын жишигт хүргэж, дүйцүүлсэн нөхөн сэргээлтийг ногоон хөгжлийн бодлоготой уялдуулна. Нөхөн сэргээлтийн эрсдэлийн сангийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоно.
- Хариуцлагатай уул уурхайн зарчмын дагуу нөхөн сэргээлт, хаалтын асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж бүрэн хариуцан гүйцэтгэдэг болгоно.
- Баялгийн шийдвэрт иргэдийн оролцоог хангана.
- Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гэрээ, хэлэлцээрийг төрийн бүх шатанд байгуулж, үр дүн гаргана.
- Байгалийн баялгаас орж буй орлого, төсөв, тендерийг иргэдээр хэлэлцүүлдэг тогтолцоог шинэ шатанд гаргана.
- Газрын тос, нүүрс хими, кокс хими, өнгөт болон хар төмөрлөг, гангийн үйлдвэрийг дагалдах үйлдвэрийн хамт цогцоор нь байгуулна.
- Инноваци, өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, дахин боловсруулах болон бүтээлч аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хувийн хэвшлийн санал, санаачилгыг дэмжинэ.
- Аж үйлдвэрийг дэмжих тусгай сангийн хөрөнгийг дотоод, гадаадын эх үүсвэрээр нэмэгдүүлнэ.
- Хүнд аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, концессоор барьж байгуулах хөрөнгө оруулалтыг татвар, санхүүгийн бодлогоор дэмжинэ.
- Боловсруулах үйлдвэрүүдэд шаардлагатай эрчим хүч, ус, зам, тээврийн дэд бүтцүүдийг эхний ээлжид бий болгоно.
- Аж үйлдвэрийн салбарт судалгаа хөгжлийн ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төрөөс урамшуулах зохицуулалтыг бий болгоно.
- Аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих, гадаад улс орнуудын технологийн дэвшлийг ашиглах, нутагшуулах замаар болон өөрийн орны нөөц, чадавхи, онцлогт тулгуурлан хөгжүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлийг тодорхойлж, үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.
- Аж үйлдвэрийн бүх салбарыг экспортын чиг баримжаатай болгоно.
- Газрын тос олборлогч орноос шатахуун үйлдвэрлэгч орон болно. Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэн ашиглалтад оруулснаар дотоодын шатахууны хэрэгцээг бүрэн хангана.
- Шатахуун импортлох бусад эх үүсвэрийг бүрдүүлж, шатахууны хараат байдлаас гарна.
- Баруун болон Зүүн бүсэд жижиг оврын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг барьж, ашиглалтад оруулах, тус үйлдвэрүүдийн завсрын бүтээгдэхүүнээр авто замын битумын үйлдвэр байгуулах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт санал, санаачилгыг дэмжинэ.
- Зэсийн баяжмал, алт, мөнгө хайлуулж, цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах, зэс болон хайлш бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулахыг дэмжинэ.
- Дархан-Уул, Дорноговь аймагт төмрийн хүдэр боловсруулж, хорголж, ширэм үйлдвэрлэж, экспортод гаргах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн металлургийн цогцолбор үйлдвэр байгуулах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, санал, санаачилгыг дэмжинэ.
- Одоо ашиглаж байгаа болон ашиглахад бэлэн байгалийн түгээмэл тархацтай ашигт малтмалын орд, цементийн үйлдвэрүүдийг түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс гүн боловсруулах, кокс, хагас кокс, бүх төрлийн шатахуун үйлдвэрлэх болон химийн үйлдвэрлэлийн төслүүдийг дэмжиж, хэрэгжүүлнэ.
- Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг тусгайлсан бодлогоор дэмжиж, хэрэгжүүлнэ.
- Эрдэс баялгийн гүн боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажлыг эрчимжүүлнэ.
- Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр барих ажлыг эхлүүлнэ.
Баялгийн сан
- Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг улс төрөөс хараат бус, мэргэжлийн багаар удирдуулан олон улсын болон дотоодын зах зээлд хөрөнгө оруулалт хийж, өсгөдөг тогтолцоог бүрдүүлнэ.
- Үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүнд хойч үеийнхэний хөгжлийн баталгаа болох Ирээдүйн өв санг байгуулна.
- Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг үр ашигтай хөрөнгө оруулалтад байршуулан өгөөж хүртэх ба аль ч сангийн эх үүсвэрийн тодорхой хувиас хэтрэхгүй хэсгийг дотоодын эдийн засгийн олон тулгуурт бүтцийг бий болгох салбарт хөрөнгө оруулна.
- Байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсвийн орлогоос тусгаарлаж, үндэсний баялгийн санд хуримтлуулна.
- Үндэсний баялгийн санг төсвийн алдагдал болон улс төрийн амлалтад зориулан зарцуулахыг хуулиар хориглож, хуримтлуулна.
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:
- Аж үйлдвэр хөгжүүлэхдээ “ISO”, “EN” зэрэг олон улсын стандартад нийцсэн төслийг дэмжинэ. Хөрөнгө оруулалтын илүү таатай эрх зүйн орчны бүрдүүлэх хүрээнд гаалийн татвар төлөх хугацаа, хэмжээ, зураг төсөл, ТЭЗҮ-д ноогдох НӨАТ, Монгол Улсын мэргэжлийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдөх шинэчлэл хийн, импортыг орлох чиглэл барьж урт, дунд ба богино хугацаагаар эрэмбэлнэ. Хил орчмын бүсийг аж үйлдвэрийн эргэлтэнд оруулах, газар олголт, зарим салбарын бүтээгдэхүүн хуваах гэрээ, АМНАТ-ыг эргэн харж, түр горимд байршуулсан бараа, ажиллах хүчний эрх, зөвшөөрөл зэргийг төсөл хэрэгжих нийт хугацаанд хүчинтэй байдлаар олгодог болгоно.
- Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, инновацийг дэмжих, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор импортын тоног төхөөрөмж, техникийн НӨАТ, гаалийн татварын таатай эрх зүйн орчныг үе шаттайгаар бүрдүүлнэ.
- Аж үйлдвэрийн өсөлтийг экологийн тогтвортой байдал, нөөцийн хариуцлагатай менежменттэй уялдуулах хүрээнд салбарын дэд бүтэц, аж үйлдвэрийн паркуудын хэрэгцээг хангахуйц усан хангамжийн системийг хөгжүүлнэ. Цахилгаан станцуудад бүрэн шаталттай, ашигт үйлийн итгэлцүүр өндөртэй технологи нэвтрүүлж нефтийн хайгуул, олборлолт, боловсруулалтыг эрчимжүүлэн, чанартай нефть бүтээгдэхүүнээр хангах замаар улс орноо эрчим хүчний хараат байдлаас гаргана. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, ашиглах таатай нөхцөлийг бүрдүүлэх, цаашид хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, арилгах арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авч хэрэгжүүлнэ.
- Аж үйлдвэрийн салбарын хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээнд нийцсэн, чадварлаг, туршлагатай инженер, техникийн мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, гадаад, дотоод сургах, төгсөгчдийг эх орондоо ажиллах нөхцлийг төр, хувийн хэвшилтэй хамтран бүрдүүлнэ. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн материаллаг баазыг сайжруулах, ажлын байрд үйлдвэрлэлийн дадлага хийх, туршлагатай инженер, техникийн ажилтан, суралцагсдад тодорхой цагаар сургалт хийх тэнцвэрт нөхцөлийг бүрдүүлнэ.
- Стратегийн хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаа, эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн төслүүдэд баталгаа гаргах, олон улсын санхүүжилтийн хөтөлбөрүүд, Европын Холбооны “Global Gate Way”, гадаад улс орны экспортыг дэмжих хөнгөлөлттэй зээл (ECA) зэрэгт хамруулан бага хүүтэй, таатай нөхцөлөөр тоног төхөөрөмж худалдан авах боломж, нөхцөлийг бий болгон дэмжиж ажиллана.
ГОЛ НЭР ТӨРЛИЙН 19 БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ
МАН:
- Хөдөө аж ахуйн салбарыг шинэ технологи инновацад суурилан хөгжүүлж, цаг уурын эрсдэлд дасан зохицсон, үр ашигтай бизнесийн салбар болгон хөгжүүлнэ.
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг жилийн дөрвөн улиралд бэлтгэн нийлүүлэх, хадгалах нэгдсэн тогтолцоог төрийн дэмжлэгтэй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг урамшуулж шинэчлэн байгуулна.
- Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, үр ашгийг 2 дахин нэмэгдүүлнэ.
- Газар тариалан, мал аж ахуйн тоног төхөөрөмжийг импортын тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтмолжуулна.
- Малын түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх сум дундын хоршооллыг бүсчлэн байгуулж, малчдад хувь эзэмшүүлнэ.
- Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон салбар болгон хөгжүүлнэ.
- Малчид, тариаланчдын залгамж халааг бэлтгэх аяныг хэрэгжүүлнэ.
- Мал, амьтны тандалт, хяналт үйлчилгээний технологид олон улсын стандартыг нэвтрүүлж, өвчний тархалтыг хязгаарлана.
- Малын эрүүл мэндийг хамгаалах цогц арга хэмжээг хэрэгжүүлж, мал, амьтны гоц халдварт өвчний вакциныг олон улсын стандартад нийцүүлэн дотоодод үйлдвэрлэнэ.
- Малын чанар, үүлдэр сайжруулах судалгаа, шинжилгээг хувийн хэвшлийн байгууллагуудын зах зээлийн шаардлагатай уялдуулан, бизнесийн зарчмаар хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
- Орон нутгийн онцлогт тохирсон үржлийн цөм сүрэг бий болгох ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, хүртээмжтэй зохион байгуулж, үржлийн аж ахуйг бүсүүдэд байгуулна.
- Малын генийн санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлнэ.
- Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах бодлого баримталж, өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшилтэй хамтран ажиллана.
- Малын тоо толгойн албан татварын зарцуулалтыг ил, тод болгож, малчдад тайлагнадаг процессыг сайжруулна.
- Гахай, тахиа, өндөг, зөгийн аж ахуй эрхлэх хувийн хэвшлийн санаачилгыг татвар, тарифын бодлогоор дэмжиж, импортыг бууруулна.
- Бороо, гадаргын усыг хуримтлуулах жижиг нуур, цөөрмүүд байгуулж, гадаргын усжуулалтын систем хөгжүүлэн, бэлчээрийн даацыг нэмэгдүүлнэ.
- Дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорийн аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний ногоо, жимс жимсгэнийн нэр төрлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангана.
- Хөрс, цаг уурын онцлогт тохирсон дотоодын баталгаат сортын үрийн хангамж, тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
- Хөдөө аж ахуйн салбар дахь татаас, дэмжлэгийг боловсруулах шатны үйлдвэрлэл рүү чиглүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.
- Худалдааны түнш улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
- Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гадаад худалдааны хориг, хязгаарлалтыг цуцалж, бүх боомтоор экспортолно.
- Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг хагас болон гүн боловсруулах, инновац, технологи шингэсэн “ЦАГААН АЛТ” хөнгөн үйлдвэрийн цогцолборуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.
- Сүү, цагаан идээ, мах, ноолуур, арьс ширийг дотоод, гадаадын зах зээлд өндөр үнээр борлуулах боломжийг бүрдүүлнэ.
- Хөдөө аж ахуйн салбарыг ашигтай бизнесийн салбар болгох реформ хийж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг чөлөөлж, нийлүүлэлтийг дэмжинэ.
- Малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг хаягдалгүй боловсруулж уургийн агууламж өндөр түүхий эд бэлтгэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
- Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг хувийн хэвшилд нээлттэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэн, хөдөө аж ахуйн биржийн зах зээлийг олон талт, өрсөлдөөнт хэлбэрт шилжүүлнэ.
- Газар тариалангийн нийт эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, усалгаатай талбайн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, “Атар IV” дүгээр аяныг хэрэгжүүлнэ.
- Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хөтөлбөрийг үргэлжлүүлж, гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ.
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дөрвөн улиралд бэлтгэн нийлүүлэх, хадгалах нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, иргэдийг хямд, чанартай мах, сүү, хүнсний ногоогоор хангана.
- Импортын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавигдах шаардлага, стандартыг нэмэгдүүлж, эрүүл, чанартай хүнс хэрэглэх тогтолцоог сайжруулна.
- Цэцэрлэг, сургуулийн үдийн хоолонд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар малчдын орлогын тогтвортой байдлыг хангана.
Шинэ хоршоо
- “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлж, хоршоолохыг дэмжинэ.
- Хоршоодод олгож буй хамтын хариуцлагын 3-5 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийг үргэлжлүүлэх бодлого баримтлана.
- Малчдад өвөлжөө, хаваржааны газрыг урт хугацаатай эзэмших, ашиглах, тэжээлийн ургамал тариалах боломжийг олгох эрх зүйн орчныг бий болгоно.
- Худаг гаргах, ногоон тэжээл тариалах, тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэгийг оновчтой болгоно.
- Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх шалгарсан арга аргачлалыг сурталчилж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд дутагдалтай малын эмч, мал зүйч, зоотехникч мэргэжилтэн бэлтгэх бодлого баримтална.
- Малчдын боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын үйлчилгээг хоршоогоор дамжуулан шинэ түвшинд гаргана.
- Хоршоололд суурилсан хагас эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
- Малчид хоршоолох замаар мах, сүү, арьс шир боловсруулах цех байгуулах, ажлын байрыг сум бүрт нэмэгдүүлэх бодлого баримтална.
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛНЭ
АН:
- Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хөдөө аж ахуй – хүнсний нэмүү өртгийн тогтвортой нэгдмэл сүлжээг дэмжих бодлого, зохицуулалтын эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Хүн амын хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг аюулгүй, чанартай хүнсээр хүртээмжтэй, тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
- Хөдөө аж ахуй, хүнсний нийлүүлэлтийн сүлжээний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, хэрэглээний үе шатанд мөшгих технологи, олон улсын зохистой дадал, стандартыг хэвшүүлнэ.
- Хүн амын хүнсний чанар, шим тэжээлийг сайжруулж, тэнцвэртэй, эрүүл хооллолтын зохистой дадлыг хэвшүүлнэ.
- Байгалийн болон бэлчээрийн мал аж ахуйн гаралтай органик хүнс, хүнсний нэмэлт тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
- Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны орчныг либералчилж, эко, ногоон, органик шошготой бүтээгдэхүүнийг олшруулан сав баглаа, боодлыг улсын нэгдмэл стандарттай болгоно.
- Хот, суурин газрын хүнсний нийтийн хэрэглээний малыг зөвхөн үйлдвэрийн аргаар нядалж боловсруулах стандартыг бүрдүүлж, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
- Хүнсний аюулгүй байдлын найдвартай статистик мэдээллийн системийг нэвтрүүлж, хүнсний бүтээгдэхүүний хяналтын тогтолцоог шинэчилнэ. Хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлж, лабораториудыг хувийн хэвшилд шилжүүлнэ.
Мал аж ахуйн салбар
- Салбарын хөгжлийн суурь хүчин зүйл болсон бэлчээрийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн орчныг шинэчилнэ.
- “Хариуцлагатай, чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Мал, малын гаралтай бүх төрлийн түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтийг хурдасгах замаар малчдын амьжиргаа, орлогыг дээшлүүлэх нөхцөл бүрдүүлнэ.
- Малын тэжээлийн үйлдвэрлэлийн бизнес эрхлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн санаачилгыг урамшуулан дэмжиж, малын таримал тэжээлийн тариалалтыг 200 мянган га талбайд хүргэнэ.
- Өндөр ашиг шимтэй үндэсний болон дасан зохицох чадвартай гадаадын үржлийн малыг өсгөн бойжуулах үржлийн аж ахуйг хөгжүүлж, малчдад чанартай, таваарлаг малтай болох боломжийг бүрдүүлнэ.
- Мах, сүү, шувуу, зөгийн эрчимжсэн фермерийн аж ахуй эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжинэ. Хот, аймгийн төв, томоохон суурин газрын хүнсний хангамжийг сайжруулж, үнийг тогтворжуулна.
- Мах, махан бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлж, олон улсын стандартад нийцсэн “монгол мах” брэнд бий болгон хөгжүүлнэ.
- Малын гаралтай хоёр дахь түүхий эдийг хаягдалгүй боловсруулах, өндөр уургийн агууламжтай түүхий эд үйлдвэрлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
- Өвлийн хүлэмжийн, мал, амьтны фермийн барилга байгууламжид хөрөнгө оруулах 15 хүртэлх жилийн моргейжийн зээлийн хэлбэрийг нэвтрүүлж, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлнэ.
- Гахай, махны болон өндөгний тахианы хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг зээл, татвар, тарифын бодлогоор дэмжин, 2026 онд өндөгний хангамжийг бүрэн, 2028 онд гахай, тахианы махны хангамжийг 80-аас дээш хувьд хүргэж, импортыг орлодог болно.
- Мал эмнэлгийн ерөнхий газрын чадавхийг сайжруулж, махны экспортын гэрчилгээ, баталгаажуулалтын газартай болгоно. Хөрш болон гуравдагч орнуудад сэврээсэн мах экспортлох боломжийг бүрдүүлж, жилд экспортлох мах, махан бүтээгдэхүүний хэмжээг 200 мянган тоннд хүргэнэ.
- Малчдын татвар төлөлт, нийгмийн даатгалын асуудлыг хуулийн зохицуулалтаар санхүүжүүлж, татварын системд татварын тайлан илгээх аргачлалыг хялбарчлах нэгдсэн систем бий болгоно.
- Эрсдэл бүхий нөхцөлөөс урьдчилан сэргийлэх тохиолдол бий болсон үед малчдад худалдан борлуулж, эргэлтэд оруулах зорилготой өвс, тэжээлийн нөөцийн фондын тогтолцоог бий болгоно.
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, санхүүжилтийн найдвартай тогтолцоог бий болгох, олон улсын стандартыг нутагшуулах, экспортлох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
- Малаас гарч буй түүхий эд, арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төвүүдийг бодлогоор дэмжинэ.
Газар тариалангийн салбар
- Тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх тариаланчид болон төрийн байгууллагын хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн эрх зүйн шинэ орчныг бүрдүүлнэ.
- Усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн ус, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй техник, технологийн хангамжийг сайжруулж, нэгжээс авах ургацыг дээшлүүлнэ.
- Тариаланчдад олгох татаас, урамшууллын бодлогыг өөрчилж, төр, хувийн хэвшлийн үр ашигтай түншлэлд суурилсан зарчмын дагуу шинэчилнэ. Өөрийн эзэмшлийн талбайг хамгаалах ойн зурвас байгуулах, хашаа барьсан байх нөхцөлийг төрөөс тариаланчдад олгох дэмжлэг, урамшууллын нэг шалгуур болгон хэрэгжүүлнэ.
- Хүлэмжийн аж ахуй, дуслын усалгаанд шаардлагатай нар, салхины сэргээгдэх эх үүсвэрээр хангах төсөл хэрэгжүүлнэ. Өрх, байгууллага бүр хүлэмжийн аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжиж, шинэ ногооны нэр төрөл, хангамжийг сайжруулна.
- Стратегийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийг өргөтгөн элсэн чихэр, цардуул, ургамлын тос, бусад ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлж, салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
- Хөдөө аж ахуйн аналитикийг урьдчилан таамаглах хиймэл оюун ухаанд суурилсан платформыг хөгжүүлнэ.
ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛНЭ
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:
- Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний боловсруулах үйлдвэрүүдийг шинэчлэх, нөөц, түүхий эдийн хангамж, байршилд тулгуурлан шинээр байгуулах, нэмүү өртөг шингээх, хүнсний лабораториудыг чадавхижуулах иж бүрэн стратегийг бий болгоно. Эрүүл ахуйн стандарт хангасан агуулах, зоорийн цогцолбор, зориулалтын ложистик төвүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлж, олон улсын стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэр төрлийг нэмэгдүүлэх, цаашид хүнс экспортлогч болох ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.
- Судалгаа хөгжүүлэлт, инноваци болон байгаль орчинд ээлтэй шинэ технологи ашиглан, үнэгүйдээд байгаа арь, ширийг шинэлэг тогтолцоо бүхий бэлтгэн нийлүүлэлттэй кластер үйлдвэрлэлээр боловсруулах ажлыг дэмжиж, малчны хотонд малын түүхий эдийн үнэ цэнийг сэргээн бий болгох ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.
- Түүхий ноос болон ноолуурын дахин боловсруулалтын түвшинг үе шаттайгаар 90 болон 60 хувьд тус, тус хүргэж, ноолууран утас ээрэх үндэсний үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар олон улсын ноолуурын зах зээлд Монгол Улсын байр суурийг бэхжүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Цагаан алт” санаачлагыг дэмжиж, ноос ноолууран бүтээгдэхүүний экспортын өсөлтийг дэмжих цогц тогтолцоог төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бий болгоно.
- Хөнгөн үйлдвэрлэлийн бусад салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, импортыг орлох экспортод чиглэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнд, тэр дундаа мэдлэг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжинэ.
- Хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний худалдааны нэгдсэн тогтолцоог үүсгэж, олон улсын зах зээлтэй холбож, сөрөг үр дагавраас зайлсхийх экспортын даатгалын системийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бий болгоно.
- Хөдөө аж ахуйн салбарт төр, хувийн хэвшил, олон улсын болон эрдэм шинжилгээний байгууллагуудын түншлэлээр роботжуулж, автоматжуулалт, хиймэл оюун ухаан нэвтрүүлж нэгж бүтээгдэхүүний өртгийг бууруулан, чанар стандартыг сайжруулж, хөдөлмөрийг хөнгөвчилнө. Хөдөө аж ахуйд зөвлөх үйлчилгээ, технологи дамжуулах болон ХАА-н үйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалах даатгалын цогц системүүдийг хэвшүүлнэ.
- Газар тариалангийн салбарт механикжуулалтыг нэмэгдүүлж, эрдэс болон биологийн гаралтай бордооны үйлдвэрлэлийн суурь кластерыг бий болгоно. Тариалангийн талбайг малаас хамгаалах, хашаажуулах, ойн зурвас байгуулах, ээлжлэн тариалах системийг урамшууллын бодлоготой уялдуулан, таримлын төрлийг олшруулах замаар хөрсний үржил шимийг хамгаална. Дотоодын үйлдвэрлэлээр гурил, төмс, гол нэрийн хүнсний ногоо, ургамлын тосоор бүрэн хангаж, илүүдлийг экспортлоно. Усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлд ус болон эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлнэ. Босоо тариалангийн систем, экспортын хүлэмж, үрийн чанар хангамж, ургамал хамгааллын чиглэлээр шинэчлэлүүдийг эхлүүлнэ.
- Бэлчээрийн мал аж ахуйг манлай малчдаар түүчээлүүлэн, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхитай тогтолцоог малчид, үйлдвэрлэгчид, орон нутгийн оролцоо, санаачилгад тулгуурласан “хамтын шийдвэр гаргалт”-аар бүрдүүлнэ. Бэлчээрийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, малын үүлдэр угсааг сайжруулах болон малын эрүүл мэндийг хамгаалах, сургалт, үйлдвэрлэлийн мал эмнэлгийн төвүүдийг бүсүүдэд төр, хувийн хэвшил, ХААИС болон эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоотой бий болгоно. Технологи, инновацийг бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.
- Эрчимжсэн мал аж ахуйд өндөр үр ашигтай малын тоог нэмэгдүүлж, төв суурин газрын хүн амыг сүү, шинэ мах, өндөг болон хэрэгцээт бусад бүтээгдэхүүнээр хангах зорилгоор үйлдвэрлэлийн бүсүүдийг ТЭЖЭЭЛ үйлдвэрлэлийн байршил, чадавхи, ханган нийлүүлэлтийн тогтолцоотой уялдуулан хөгжүүлнэ.
- Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоонд шинэчлэл хийж, төгсөгчид орчин үеийн шинэ техник, технологи бүхий ажлын байрны шаардлага хангахуйц мэргэжлийн ур чадвар бүрэн эзэмшсэн байх жишиг тогтооно. Төр хувийн хэвшил, ХААИС, олон улсын байгууллагуудын түншлэлийн хүрээнд ХАА-н шинжлэх ухаан, технологийн парк байгуулах замаар инноваци бүтээх, баялаг бүтээгч (энтерпрейнэр) бэлтгэхэд анхаарч, ЭША, төгсөгчдөд гарааны бизнес эрхлэх нөхцлийг бүрдүүлнэ.