Яармагийнхан ирэх намар гэхэд зэвгүй цэвэр ус хэрэглэдэг болно
Чанаргүй шугам хоолойноос үүдэж Хан-Уул дүүргийн Яармаг орчмын оршин суугчид зэвтэй ус хэрэглээд дөрвөн жил болжээ. Зэвтэй уснаас болж эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирч байгаа талаар оршин суугчид их ярьдаг. Тэгвэл Яармаг орчмын айл өрхүүдийг зэвтэй усаар хангаж байгаа гол шугам хоолойг солих ажлын тендерт УСУГ шалгарч, энэ оны нийслэлийн төсөвт зургаан тэрбум төгрөгийг НИТХ-ын хуралдаан дээр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан удаа дараа тавьж байж, шугам солих ажил өчигдөр /2024.06.17/ эхэллээ.
Энэ зундаа багтааж Яармаг орчмын стандартын шаардлага хангаагүй ус дамжуулах хоолойг шинээр солих ажлыг УСУГ хариуцан хийж байна. Ирэх аравдугаар сарын 1 буюу халаалт тавигдахаас өмнө цэвэр усны шугамыг угсарч дуусна гэсэн төлөвлөгөөтэйгээр 500 метр шугамаа авчирч буулгажээ.