Охид, бүсгүйчүүдийг бичлэгээр нь дарамталж байсан Сингапурын иргэний ялыг хэвээр үлдээв

0

Монгол охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж байгаа дүрс бичлэгээ нууцаар хийж, түүгээрээ тэднийг заналхийлж байсан, гадаадад биеийг нь үнэлүүлэх зорилгоор худал амлалт өгч, худалдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан Сингапурын иргэн 64 настай Лох Сиен Чи гэх хүнийг 2022 оны есдүгээр сард ЭЦА-ныхан албадан саатуулж шалгаж эхэлсэн билээ. Түүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр дахин хэлэлцлээ.

НПГ-аас Лох Сиен Чид хувь хүний нууцад халдсан, задруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 13.10-1, 13.11-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр ч удаа гэм буруутайд тооцон ял шийтгэсэн юм.

Тодруулбал, тус шүүх 2023 оны долдугаар сарын 19-нд түүний гэм буруутай, эсэхийг хэлэлцээд “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан” үйлдэлд нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэгт нь нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт нэг жил найман сар хорихоор болсон юм.

Анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоолыг Сингапурын иргэн болон түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хувийн байдалд дүгнэлт өгөөгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаагүй” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасны дагуу хэлэлцээд Лох Сиен Чиг суллахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Сингапурын иргэнд 15.4 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.

Харин Улсын дээд шүүхээс эл хэргийг дахин шийдвэрлүүлэхээр болсны дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд хэлэлцээд Эрүүгийн хуулийн 13.11-2.1 дэх хэсгийн “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж задруулсан” гэм буруутай үйлдэлд нь хоёр жил хорих, 13.10-1-ийн “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан” хэрэгт нь 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр Лох Сиен Чи болон түүний хоёр өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ. 

Эх сурвалж: Livetv.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *