ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР “ИД ШИДИЙН ОРОН-2” ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс зохион байгуулж буй “Эрүүл мэнд-Эмч биднээс-Иргэн танаас” аяны хүрээнд нарийн мэргэжлийн эмч нар өнгөрсөн бямба гарагт “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвд ажиллалаа.
Энэ өдөр нийт 35 хүүхдэд рентген шинжилгээ, хэвлийн ЭХО, чих хамар хоолой, нүд, гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс засал, гавал тархины эмч болон хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын үзлэг оношлогооноос гадна витамин Д, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ хийсэн байна.
Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан хүүхдүүдэд гарын бэлэг хүргэж, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай зарим хүүхдийг ГССҮТ-д компьютер томографи, соронзон резонанст томографи буюу MRI оношлогоонд хамруулахаар болжээ.
ГССҮТ-өөс 03 дугаар сарын 30-ны өдөр тохиох “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан “Эрүүл мэнд-Эмч биднээс-Иргэн танаас” аяныг зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл амьдралын дадал хэвшлийг бий болгох чиглэлээр олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлж буй юм.
Энэ дагуу 03 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд “Өнөр бүл” хүүхдийн төвд ажилласан бөгөөд улсын асрамжинд байгаа 160 гаруй хүүхдэд үзлэг оношлогоо хийсэн байна.
ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ