Манай байгууллагын 100 жилийн ой болох тул бүтэц битгий өөрчлөөч гэх мэт хуучинсаг үзэлтэй эвлэрэхгүй

0

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн ажлын сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Энэ компани байгуулагдаад 16 болж байна. Монгол Улсын эдийн засгийг богино хугацаанд тэлэх төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн зорилгоор нээсэн. Цаашлаад Монголын ард түмэнд  байгалийн баялгийн үр, өгөөжийг тэгш хүртээдэг байх алсын хараатай. Харамсалтай нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд эдгээр зорилгодоо бүрэн хүрч чадаагүй гэж ЗГ-аас үзсэн. Тэр ч утгаараа бүтэц, дүрэм, зохион байгуулалтыг өөрчлөх ёстой гэдэг шийдвэрт хүрээд менежментийн компани болгож буй юм.

“Эрдэнэс Монгол” компанийн хэрэгжүүлж буй нүүрс, зэс, дэд бүтцийн төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг ЗГ зорьж байна. Тэр утгаараа Монгол Улсад байгаа мэргэжлийн боловсон хүчнүүдийг бүрдүүлж ажиллах шаардлага үүссэн.

Нөгөө талд, төрийн өмчит компанийн ажилчид асар өндөр цалин авдаг. Гэтэл үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа. Дээр нь төрөл бүрийн шахаа хийдэг, авлига, хүнд суртал маш их нүүрлэсэн гэдэг хандлага, ойлголт олон нийтийн дунд их бий. Тийм учраас улс орныхоо хөгжил, дэвшилд мэдлэг, ур чадвараа, үйл хэргээ зориулах хүсэлтэй ард иргэдийн дундаас мэргэшсэн боловсон хүчнийг нээлттэй сонгон шалгаруулахаар зорьсон. Үүгээрээ төрийн өмчит компанийн түүхэнд анхны нээлттэй зохион байгуулалтын үйл ажиллагаа болж байна.

Нийт 2000 гаруй хүн шалгалтад хамрагдахаас 80 орчмыг сонгоно. Үлдсэн хүмүүс нөөцөд багтана. 80 гаруй ажлын байранд 2500 хүн шалгалт өгч байна гэдэг ямар их эрэлт, хэрэгцээ байна вэ гэдгийг харж болохоор байна.

Үндсэндээ Засгийн газар жил бүр төрд ажиллаж байгаа албан хаагчдынхаа өндөр, ур чадвартай 15-20 хувийг олж илрүүлж чаддаг тогтолцоо руу шилжье. Бусдадаа чирэгдээд, хариуцлагагүй, чадваргүй, муу гэж үнэлэгдэж буй хэсгийг жил болгон илрүүлж хариуцлага тооцдог тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нэг ёсондоо “цусны эргэлт” бий болгох үүднээс Хүний нөөцийн газрыг бий болгон ажиллаж байгаа.

Би нэг зүйлтэй санал нийлдэггүй. Манай байгууллага ийм арга барилтай гэдэг. Эсхүл зарим төрийн байгууллагад өөрчлөлт хийх гэхээр дараа онд манай 100 жилийн ой болно, битгий л дээ гэдэг хүсэлт ч тавьдаг. Би үүнтэй санал нийлдэггүй.

МХЕГ-ыг татан буулгасан. Үндсэн шалтгаан нь өнөөгийн иргэдийн хэрэгцээ, шаардлагыг өндөр түвшинд хангаж чадахгүйд хүрсэн. Арван иргэн тутмын 8-9 нь мэргэжлийн хяналтын байгууллага байх шаардлагагүй гэж хариулсан судалгаа бий. Тийм учраас татан буулгаж, шинэчлэн байгуулах ажлыг төр хийсэн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *