АН-ын талцал увайгүй түвшинд хүрснийг хоёр өөр “Засгийн газар”-аа зарласнаас нь харлаа

0

ХҮН намаас хэрэв УИХ-ын сонгуульд олонх болбол бүрдүүлэх Засгийн газрын бүтцээ зарлачихсан. Үүнийг нь олон нийтийн зарим хэсэг зөв жишиг хэмээн үнэлж, “Гэнэт тооноор нэг нэг сайд орж ирэхгүй, итгэж саналаа өгөх том хөшүүрэг” гэцгээв.

Гэтэл үүнээс санаа авсан уу, удалгүй АН-ын зүгээс нэг постер цацагдлаа. Л.Гантөмөр Ерөнхий сайд болно, ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогтыг, Эдийн засгийн сайдаар Ч.Сайханбилэгийг, Хууль зүйн сайдаар Б.Хурцыг, Гадаад харилцааны сайдаар Ц.Уянгыг урьж ажиллуулна хэмээн тэр бүтцээ “зуржээ”. Удалгүй “Худал мэдээлэл” гэж залруулсан. АН-ынхан ийм постер бэлтгээгүй болж таарсан.

Харин үүнийх нь дараа АН-ын Засгийн газрын өөр нэг бүтэц цацагдсан юм. Түүгээр бол Ерөнхий сайд Х.Баттулга болох аж. ЗГХЭГ-ын даргаар Ө.Шижир, Онцгой байдлын сайдаар Х.Баттулгын хүргэн О.Тэнүүн, ЗТХ-ийн сайдаар А.Гансүх, ХЗДХ-ийн сайдаар З.Энхболд, Соёлын сайдаар Б.Баатарыг томилно гэжээ.

Үүнээс, нэг нь Ц.Элбэгдоржийн, нөгөө нь Х.Баттулгын фракцын Засгийн газар гэдэг ойлголт биежиж ирж байна.

Хэдийгээр АН наад талдаа олон нийтэд “Худал мэдээлэл, манай нам байгуулах Засгийн газраа ийм хэлбэрээр зураагүй, зарлаагүй” гэж мэдэгдээд байгаа ч үүнээс намын хагарал, хуваагдлыг харж болох юм.

Мөн эх сурвалжийн мэдээллээр, Засгийн газрын бүтэц гэх хоёр ондоо постерыг АН-ынхан өөрсдөө, дотроосоо бэлтгэн цацаж буй гэх. Энэ ч мөн анхаарал татаад амжлаа.

Ерөөс Ардчилсан намд хоёр том бүлэглэлийн эрх ашиг мөргөлдөж байгааг ҮБХ-ны хуралдааны өмнө ба дараа өрнөсөн үйл явцаас ойлгож болохоор байв.

Нэг нь Ц.Элбэгдорж. Тэр зүгээс С.Баярцогтыг жагсаалтад, Б.Хурцыг тойрогт нэр дэвшүүлэхээр нэлээд чичирсэн. Хоёр өөр тогтоол СЕХ-нд өргөн барьж, СЕХ нь “Энэ асуудлаа шүүхээр шийдүүлчхээд ир” гэж буцаасан. С.Баярцогт, Б.Хурц нар тус тус Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй. Харин Ц.Уянга нэр дэвшиж байгаа. Д.Монголхүүтэй хамтарсан Ц.Уянга нарын “No War” хөдөлгөөн бол баруунаас санхүүждэг байж болзошгүй бүлэглэл гэдгийг одоо олон нийт гадарладаг болсон.

Нөгөө талд Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Тэр УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгдэж байсан нь ердөө сүүлийн хагас жилийн дотор. Гэтэл гэнэт Хойд бүсэд нэр дэвшихээр мандат авчихсан. ҮБХ-ны хуралдаанд Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй гэдэг эсэргүүцэл ч чангахан өрнөөд амжсан. Гэвч адаг сүүлд нь тэр өөртөө, дахиад өөрийн фракцын цөөнгүй хүмүүст мандат авч чадсан юм.

Энэ эрх ашгийн зөрчил дунд ажиллаж байгаа болохоор Л.Гантөмөрийн мөлгөр, мөлчгөр байдлыг хүлцэж хүлээж авах үндэслэлтэй юм.

Мэдээж эрх баригч намын АН дахь бодит нөлөөллийг ч үгүйсгээд өнгөрч болохгүй. МАН-ын хувьд Х.Баттулгын фракцад тодорхой дэмжлэг үзүүлж байгаа. Харин Ц.Элбэгдоржийн бүлэглэлийн эсрэг ажиллаж буй нь улс төрийн мэдэгдлүүд, хавраас хойш үргэлжилсэн акцуудаар харж болно.

Гэхдээ адаг сүүлд нь хэнийг нэр дэвшүүлэх, ямар Засгийн газар бүрдүүлэхээ толгой мэдэн шийдэх бүтэц бол АН өөрөө, өөрсдөө. Авчиг одоог хүртэл, сонгуулийн сурталчилгаат хугацаа талдаа орчхоод байхад хоёр өөр постер цацах замаар хагарал, бутралаа ил цагаан илтгэж байгаа АН ялалт байгууллаа ч хүчирхэг, буурьтай сөрөг хүчин болж чадах эсэх нь эргэлзээ дагуулж байна.

Магадгүй Ц.Элбэгдоржийн тал Х.Баттулгыг Ерөнхий сайд болгож постер бэлтгэсэн байх талтай. Эсрэгээрээ Х.Баттулгын фракц Л.Гантөмөрийг Ерөнхий сайдад тавиад, улайм цайм нөгөө С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Хурц, Ц.Уянга нарыг нь сайд болгож зураад цацсан байж болно. Бүр Д.Монголхүү Соёлын сайд болох юм гэнэ.

Нэр хүнд, рейтинг нь асар муу байгаа тэдгээр хүмүүсийг, АНУ-д орогноод ирж чадахгүй гэлбэлзэж яваа Ч.Сайханбилэгийг Засгийн газарт урьж ажиллуулахаар шулуудахыг Л.Гантөмөр лав хийж чадахгүй. Ер нь эрүүл ухаанаар бодвол Ч.Сайханбилэгийг сайд болгох зориг зүрхтэй хүн одоо АН-аас гарахгүй. Сэтгэгдлүүдийг уншсан ч олон нийт дургүй байна. Бараг л “Мөхлийн Засгийн газар бол энэ, АН хэрэв ингэх бол хэзээ ч сонгохгүй” гэх нь холгүй хүлээж авч байна. Энэ бол цэвэр Ц.Элбэгдоржийн фракцыг харлуулах тактик болчихлоо.

Тийм болохоор эсрэгээр нь Х.Баттулга руу ноцож үзсэн байх. Хүргэнийг нь, жинхэнэ баруун гарын “туслах” нь болох А.Гансүхийг, бүр Б.Баатарыг сайд болгоно гэдэг бас л хэтийдсэн явдал.

Нэг ёсондоо сонгуулийн өмнө л мэдэгдэж, мэдрэгдэж байсан талцал хуваагдлаа АН ингээд илтгэчихлээ.

Хамгийн хортой нь, олон нийтийн ихэнх хэсэг шүүмжлэлт сэтгэлгээнд сураагүй байгаа. Үзээд, хараад “Энэ худлаа байх аа. Харлуулах гээд л үүнийг эвлүүлэн цацаж” гэж ойлгох хүн тун цөөн билээ. Өөрөөр хэлбэл энэ сонгогчдоороо тоглож байгаа явдал. Эсрэг фракцаа харлуулах нь иргэдийн толгойг эргүүлэх, том зургаар АН-ын нэр хүндийг унагах хэмжээний үн цэнтэй байгааг илтгэж буй процесс.

Ингэтлээ дор орж, улс төрийн соёл, зангаргаа алдаж буй намыг л сөрөг хүчин болно гэж итгэнэ, хүлээнэ гэхээр хайран байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *