О.Баасанхүүг “дисс”-лэх гээд төр түшилцэх төлөвшилд хүрээгүй сагсуугаа харуулсан Г.Дашням
УИХ-ын сонгуулийн X тойрог Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Г.Дашнямын цахим орчинд сагсууран, амбицлаж буй бичлэг цацагдан багагүй шүүмжлэл дагуулав. Тэрхүү бичлэгээрээ өрсөлдөгч нь болох АН-ын О.Баасанхүүд ханджээ. Ингэхдээ орос, англи хэлээр ярьж, “О.Баасанхүү та намайг харлуулахгүй. Намайг Улаанбаатарын нар л харлуулна” хэмээн аархав.
Г.Дашнямын хувьд: НАМЗХ-гоор дамжин МАН-д өндийсөн “хунтайж” нарын нэг. Тодруулбал, “Магнай трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийн хүү. МТ группийн өв залгамжлагч гэх тодотголтой. “Жи-Мобайл” компанийн гүйцэтгэх захирал. Хувьдаа “Улаанбаатар сити” гэх хөлбөмбөгийн клубтэй. Хамгийн сүүлд “Jet scooter”-ийг оруулж ирсэн гэдгээрээ олон нийтэд танигдаад буй. Үүгээрээ сонгуульд нэр дэвших үндсээ тавьсан гэж хэлж болно. Өөрийнх нь ярьж байгаачлан баялаг бүтээж хөрөнгөжсөн гэх нь ч хаашаа юм.
Түүнээс өмнө одоогийн ЦХХХ-ны сайд Н.Учралыг дагаж улстөрд орох бэлтгэлээ далд байдлаар хангаж ирсэн. Тэд сайн найзууд. Тухайлбал, Н.Учралыг НАМЗХ-ны даргаар ажиллаж байх 2021.08.17-ны үес НАМЗХ-ны Удирдах зөвлөлд 16 хүн нэмэгдсэн. Н.Энхбаярын хүү Э.Батшугар, “Анод” банкийг дампууруулсан гэгддэг Гүр-Аранзын хүү Г.Төгөлдөр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал нарын “баян” айлын “эрх” хүүхдүүд орж ирсний нэг нь “Магнай трейд”-ийн Ганзоригийн хүү Г.Дашням байсан билээ.
Г.Дашням өрсөлдөгчөө “дисс”-лэх гээд илэрхийлж буй биеийн хэлэмжээрээ төр түшилцэх хэмжээний төлөвшилд хүрээгүй нь гэдгээ харуулав. Хэн нэгэн биш өөрөө өөрийгөө хэлээд өгчихлөө. Өрсөлдөгчдөө хариу барих гэж байгаа бол уужуу тайвуу сууж байгаад мөрийн хөтөлбөрөө, намын бодлогоо, бүр хийж бүтээснээ, мэдлэг боловсролоо ярьж болох байв. “Төлөвшөөгүй хүнд төрийн жолоо бүү атгуул” гээд хэлчихэд бараг буруудахааргүй байна. О.Баасанхүү дахин хатгавал яаж ч аашилж, ямар ч авир гаргаж мэдэхээр аж.
О.Баасанхүүгийн хувьд ч, магтаж, дөвийлгөөд байхаар нэгэн биш. Сонгууль бүрээр намаа ч, тойргоо ч сольж үргэлж өөртөө ашигтай байрлал хайж ирсэн хэмээн шүүмжлүүлдэг билээ.