“Үндэсний Эвсэл”-ээс Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшигч юу хэлэв?
“Үндэсний Эвсэл” банк, санхүүгийн бодлогыг томоор нь харахыг зорьсон.
УИХ-ын ээлжит сонгуулийн 13 дугаар тойрогт “Үндэсний Эвсэл”-ээс Сүхбаатарын Цогзолмаа нэр дэвшиж буй. Түүний Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэд сонгогчидтой уулзах үеэр хэлсэн үгийг хүргэе.
УИХ-ын ээлжит сонгуулийн 13 дугаар тойрог буюу Багахангай, Багануур, Налайх дүүрэгт нэр дэвшигч Сүхбаатарын Цогзолмаа:
-Манай улс томоохон төсөл хэрэгжүүлэх гэхээр санхүүгийн асуудалтай нүүр тулдаг. Ингээд Засгийн газрын баталгаа гаргаж, газар нутгаа барьцаалж, гаднын орнуудаас зээл авдаг. Энэ үйл явц нь өөрөө маш их зардалтай. Тодруулбал, Монголоос маш том баг зээл авах гэж байгаа орон руугаа очих шаардлагатай болно. Гаднын томоохон хуульчдыг хөлсөлнө гэх зэрэг ихээхэн зардал гардаг. Нөгөө талдаа манай улс эдийн засгийн эрсдэлийн түвшнээр доогуур үнэлгээтэй байдаг учир бондын хүү өндөр бодогддог. Манай улсын авч байгаа бонд жилийн есөн хувийн хүүтэй байна гэдэг нь гаднын зах зээл дээрх хамгийн өндөр хүү юм. Ингээд монголдоо орж ирсний дараа бусад салбар руу шингэж 14-15 хувь болдог. Бидний авч байгаа бондууд том зургаар нь харахаар ингэж харагддаг. Гэтэл нөгөө талдаа Монгол Улсад зээлгүй хүн бараг байхгүй. Улс орон нь өөрөө маш том зээлтэй, иргэд нь бас арилжааны банканд зээлтэй байгаа юм. Эндээс гарах арга замыг манай мөрийн хөтөлбөрт томоохон хөрөнгө оруулалтын банкийг оруулж ирье гэж байгаа. Тэд өөрсдөө эрсдэлээ даадаг учир бид улсаа барьцаанд тавих шаардлагагүй болно. Улмаар гадагшаа явах зардал багасаж, хүү нь буурна. Үүнийг дагаад иргэдийн жижиг зээлийн хүү буурах юм. Манай “Үндэсний Эвсэл” мөрийн хөтөлбөртөө энэ талаар маш нарийн тусгасан байгаа.
Бас нэг асуудал нь татвар төлөгч иргэн ипотекийн зээл авъя гэхээр шалгуур хангадаггүй. Дээр нь санхүүжилт нь зогссон гэдэг асуудлууд тулгардаг. Гэтэл бид Монгол Улсын иргэд. Ипотекийн зээл нь бодлогын чанартай байх ёстой. Бусад улс оронд ч ийм л байдаг. Хүртээмжээс гадна ипотекийн зээлийн нөхцөл маш чанга. Жишээлбэл, урьдчилгаа төлбөр 30 хувиа бүрдүүлэхийг шаарддаг. Гэтэл зарим хүнд бэлэн мөнгө байхгүй. Урьдчилгаанд үл хөдлөх хөрөнгө барьцаалж болно гэсэн заалт байгаа боловч гэр хорооллоос орон сууцанд орох хүнд барьцаанд тавих үл хөдлөх байдаггүй. Энэ урьдчилгааг байхгүй болгох нь маш чухал. Орон сууцжуулах асуудалд үнэтэй хувь нэмэр оруулна. Үүнийг дагаад барилгын салбар хөгжил урагшилна, ажлын байр нэмэгдэнэ, гэр хорооллын хүмүүсийн нийгмийн асуудал шийдэгдэнэ. Орон сууцыг дагасан хөгжил явагдана. Үүнийг эвслийн зүгээс банк, санхүүгийн бодлогын хүрээнд томоор нь харахыг зорьсон.