Н.Номтойбаяр: Бид мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа боловсон хүчний бодлоготойгоо уясан
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр болон Эвслээс нэр дэвшигчид Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтыг нээж “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр үг хэллээ.
Тэрээр “Монголын улс төрд иргэд, сонгогчдын захиалгаар “Үндэсний Эвсэл” үүсгэн байгуулагдаад удаагүй ч 100 жилийн настай улс төрийн ууган хүчин Ардын намтай өрсөлдөхүйц хэмжээнд ирсэн. Энэ нь иргэд сонгогчид өөрчлөлт шинэчлэлтийг хүсэж байгааг харуулж байна. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд монголчууд бид төрөө эмхлэн зохион байгуулах, дангаар эдийн засаг болон гадаад бодлогоо өөрсдөө тодорхойлох эрх чөлөө олж авсан хэдий ч алдаж оносон зүйл ихтэй. Энэ бүгдийн учир шалтгааныг бид гадна, дотнын эрдэмтэн мэргэд судлаачидтай уулзаж хэдэн талаас нь судалж үнэлэлт, дүгнэлт өгсөн. Үүний учир шалтгаан нь 1990 оноос хойш бид улс орныхоо эдийн засаг, нийгмийн бодлогын жанжин шугамыг татаж ирж чадаагүйд байна. Жанжин шугам үзэл баримтлал, үзэл санаа дээр тулгуурлаж батлагддаг. Өнөөдрийн Монголыг нэг талаас нь харвал коммунист тогтолцоо хэвээр байгаа. Зарим талаас нь харвал социалист тогтолцоо. Өөр нэг өнцгөөс нь харвал капиталист тогтолцоотой. Ийм эрээвэр хураавар тогтолцооны нийлмэл гэж улс оронд байдаггүй. Аливаа хөгжиж байгаа улс орон хөгжлийнхөө жанжин шугамыг татахдаа манай улс орон газар зүйн ямар байршилтай юм, нөөц баялаг хэр байгаа юм, дотоод хүчин зүйл боломжууд, мөн аюул заналхийлэл хэр байгаа юм гээд бүх давуу болон сул тал, боломжуудаа тооцож байж үзэл санааг тодорхойлдог. Харамсалтай нь өнгөрсөн 34 жилийн хугацаанд бид төөрсөн мэт явсан.
“Үндэсний Эвсэл” үүсгэн байгуулагдахаасаа өмнө Монгол Улсыг хүчирхэг болгоход ямар суурь зарчим хэрэгтэй юм бэ гэдгийг сайтар судалсны үндсэнд үндэсний ардчилсан үзэл баримтлалыг сонгосон. Үүн дээр тулгуурлаж бодлогоо боловсруулсан. Сайн бодлого гарч болох ч хэрэгжихгүй бол тэр цаас. Хоосон лоозон. Тиймдээ ч бид мөрийн хөтөлбөр боловсруулахдаа боловсон хүчний бодлоготойгоо уясан” гэлээ.
Мөн тэрээр боловсруулсан мөрийн хөтөлбөрийнхөө талаар “Мөрийн хөтөлбөрт маш олон эрдэмтэн, судлаачдын судалгааны ажил, санал санаачилгууд шингэсэн. Хэдэн арван боть судалгааны ажлын эмхэтгэл байгаа. Та бүхнийг гарт товчхон хувилбар л очсон. Мөн 21 аймгаар явж иргэд, сонгогчдын санал санаачилгыг сонсон салбар бүрийн эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар мөрийн хөтөлбөрт тусгасан” гэсэн юм.
УИХ-ын сонгуулийн наймдугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт “Үндэсний Эсвэл”-ээс инженер, газар зохион байгуулагч Баярболдын Жадамба, эрх зүйч Б.Эрдэнэбаяр, багш, эдийн засагч, боловсролын системийн шинжээч Пүрэвцэрэнгийн Энхцэцэг, багш, нийгмийн удирдлагын менежер Цэндийн Мөнхцацрал нар нэр дэвшиж байгаа билээ.